Categories
мэдээ соёл-урлаг

Уртын дуучин Г.Эрдэнэчимэг “Нэг голын ус” цомгийн баяраа тэмдэглэнэ

Уртын дуучин, соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэчимэгийн “Нэг голын ус” цомгийн баярын тоглолт энэ баасан гарагт “Хүн” театрт болно. Түүний хувьд 2007 онд Соёл урлагийн их сургуулийн оюутан байхдаа уртын болон ардын дууны “Тунгалаг тамир” цомгийг гаргаснаас хойш цомог гаргаагүй бөгөөд “Нэг голын ус” 14 жилийн дараа гарч буй цомог юм. Шинэ цомогт ардын уртын болон богино язгуур дуунуудыг амьд хөгжимтэй хослуулан, этник хэв маягаар дуулсан бүтээлүүд багтжээ. Улс тунхагласны өдөр болох энэхүү тоглолтдоо үзэгчдийг үндэсний дээл хувцастайгаа ирэхийг уриалж байгаа юм. Заалны дүүргэлтээс шалтгаалан 150 хүнд тоглолтоо хүргэх бөгөөд тасалбарын үнэ 108 мянган төгрөг юм байна.

Цомгоо нэрлэсэн “Нэг голын ус” дууны шүлгийг яруу найрагч Х.Соёмбо тэрлэж, М.Болд аялгууг зохиожээ. Дуу төрсөн түүхийн талаар яруу найрагч Х.Соёмбо “Долоон жилийн өмнө Өвөрмонголын Хөх хотод ажлаар аялж яваад хэсэг өвөрмонголчуудтай танилцаж, оройжин элдвийг ярьж суух завшаан тохиосон юм. Тэр үед тэдний яриан дунд, “Энд (Хятадад) биднийг Монголчууд гэж харна. Тэнд (Монголд) биднийг Хятадууд гэж үзнэ. Бид тэгээд хаачих юм бол доо” гэж хэлээд уртаа санаа алдаж байсан нь бодогдож явсаар энэ шүлгийг бичсэн юм” хэмээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *