УИХ-ын өнөөдрийн чуулганаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.
Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Жолоочийн даатгалын тухай асуудлаар манай намын бүлэг хуралдаад дэмжих боломжгүй гэж үзсэн. Учир нь Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль хэрэгжээд 10 жил болж байна. Тус хуулиар жолоочийн хариуцлагын даатгалын санг Жолоочийн хариуцлагын даатгалын нэгдсэн холбоо гэдэг байгууллага хариуцаж байгаа. Энэ нилээн зүгширч буй асуудал. Хуулийн төслийг дэмжихгүй байгааг хоёр үндэслэлээр тайлбарлая. Нэгдүгээрт, жолоочийн эрх зүйн байдал өмнөх хуулиасаа дээрдсэн зүйл алга. Одоогийн өргөн баригдсан хуулиар төрийн өмчийн даатгалын корпорац байгуулах талаар тусгасан байна. Нэгэнт хэвшээд 10 жил болсон асуудлыг төр зохицуулах хэлбэрээр биш хувийн хэвшил авч явах нь зүйтэй гэж үзсэн. Хоёрдугаарт, даатгалын хөрөнгийг нөхөн төлбөр барагдуулахаас гадна сурталчилгаа явуулах, тээврийн хэрэгслийн жолоодох эрхээ хасуулсан иргэдийг дахин сургалтад хамруулах зэрэгт зарцуулах гэж байгаа нь буруу юм” гэлээ.
Нөгөө талаар МАН-ын бүлэг нөхөн төлбөрийн хэмжээг багасгах, шат дамжлагыг багасгах чиглэлээр хуулийн төслийг боловсруулж эхлэх нь зүйтэй гэж үзжээ.
Үүний хариуд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Олон гишүүд даатгалын компаниудын өмнөөс асуусан. Сонгогч нарын өмнөөс асуулт асуусан гишүүн ховор байсан. Ийм тэнцвэргүй хэлэлцүүлэг болсон. Даатгалын компаниуд улс төрчдийг санхүүжүүлдэг. Зүй бус ашгаа 10 жил хамгаалуулж байна. Бид нар хувийн хэвшлийг булааж, дээрэмдэх гээгүй. Мэдээллийг маш ихээр мушгин гуйвуулсан. Даатгалын компаниуд зөвхөн хэвлэл мэдээллийн PR-т зориулж 300 орчим сая төгрөгийг зарцуулсан. Эдгээр мэдээллийг хэн тарааж байгаа талаарх мэдээллийг би бүлгийн хурлын үеэр нээлттэй зарласан. Ташаа мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргаж болохгүй. УИХ ташаа мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргавал энэ улс цаашаа яаж хөгжих вэ. Бүлгийн дарга хүртэл төрд авна гэдгийг дэмжихгүй гэж хэллээ. Бидний хуулийн төсөлд төрд авна гэдэг заалт байгаа үгүйг УИХ-ын дарга та хэлж өгөөрэй. Бид нар даатгалын салбарыг булшлах гэж байгаа агуулга хуулийн төслийн эх хувилбарт байгаа юу та хэлээд өгөөрэй” гэлээ.