Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар 6.1 мянган тонн нөөцийн мах бэлтгээд байна

Ковидын нөхцөл байдлаас хамаараад импортлогч улс орнууд манайхаас мах импортлохгүй гэх шийдвэр гаргасан. Үүний улмаас бид экспорт хийж чадахгүй байгаа. Махны худалдааг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.

Тэрээр “Махны худалдааг дэмжих зорилгоор төв суурин газарт махны нөөц бүрдүүлэх чиглэлд онцгой анхаарч байна. Энэ хүрээнд төв суурин газрын мах бэлтгэлд Засгийн газар 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй эх үүсвэрийг шийдсэн юм. Энэ хүрээнд 17 аж ахуйн нэгжид 81 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгожээ. Одоо арилжааны банкан дээр 19 тэрбум төгрөгийн зээл судлагдаж байна.

Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн агуулахад 6.1 мянган тонн мах нөөцлөгдсөн байна. Нөөцийн махаа харьцангуй эрт бэлдэж байна. Энэ жилийн хувьд бид 15 мянган тонн нөөцийн мах бэлдэх зорилт тавьсан. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих санд бизнесийн зорилгоор нөөцийн мах бэлдэнэ. Аймаг орон нутгаас орж ирж байгаа махыг тус сан дээр нөөцлөх юм. Нийтдээ тав орчим мянган тонныг нөөцлөхөөр төлөвлөсөн. Мөн энэ жил орон нутгийн мал мах, цагаан идээний бизнес эрхлэгчид, боловсруулагч, үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээ дэмжих шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ хүрээнд 31 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд сарын хугацаанд энэ чиглэлийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж, Улаанбаатар хотын иргэдийн цагаан идээ болон махны хэрэглээг хангах юм. Цэг байршлуудыг тодорхой болгосон. Тухайлбал, долоон байршилд орон нутгийн тогтмол худалдааг явуулна. “Тэнгэр” төв дээр Сүхбаатар, Хөвсгөл, Дорнод аймгийн биенес эрхлэгчид төвлөрөх юм. “Саруул” зах дээр говийн аймгууд гэх мэтээр зохицуулалт хийнэ” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *