Хятадын улс төрийн хамгийн чухал үйл явдлын нэг болох Зургадугаар бүгд хурал энэ сарын 8-11-ний хооронд Бээжин хотноо болж өндөрлөв. Уг хурал Хятадын Коммунист намын 100 жилийн ойн баяртай давхацаж түүхэн шийдвэр гаргасан гэдгээр онцлог болов. Түүхэн шийдвэр гэдэг нь Хятадын Коммунист намын цаашдын бодлогод чухал нөлөө үзүүлэх шийдвэрийг хэлж буй хэрэг. Бага хурлаар намын 100 жилд хийж гүйцэтгэсэн томоохон ололт амжилтыг хэлэлцээд зогсохгүй түүхэн шийдвэр батласнаар Си Жиньпиний байр суурь улам батжиж буйг илтгэв. Ийм түүхэн шийдвэрийг өмнө нь 1945 онд Мао Зэдун, 1981 онд Дэн Сяопин нар тус тус батлуулж байжээ. Тиймээс Си Жиньпин түүхэн шийдвэр гаргасан Хятадын гурав дахь удирдагч болж намыг үүсгэн байгуулагч Мао болон түүний залгалжлагч Дэн нартай эн зэрэгцэх удирдагч болж байна гэсэн үг.
Түүхэн шийдвэр болох анхны тогтоолыг Мао 1945 онд эрх мэдлээ бэхжүүлэх зорилгоор намын их хурлаар батлуулан 1949 онд БНХАУ-ыг байгуулах үед түүнд Засгийн бүх эрх мэдэл төвлөрч байв. Харин Хятадын эдийн засгийн шинэчлэлийн суурийг тавьсан Дэн 1981 онд хоёр дахь тогтоолыг гаргуулжээ. Энэхүү хоёр дахь тогтоол 1966-1976 оны хооронд өрнөсөн “Соёлын хувьсгал”-ыг буруутгасан юм. Ийнхүү Мао, Дэн нарын баталсан өмнөх тогтоолууд өнгөрсөн үеэсээ ангижрах зорилготой байсан бол Си Жиньпиний тогтоол илүү залгамж шинж чанартай байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Хятад улс хэдэн арван жилийн өмнө төсөөлж ч боломгүй өндөрлөгт хүрч, дэлхийн гүрэн болсон нь тогтоолын мөн чанарт нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Учир нь тус улсын өмнө 2049 он гэхэд “Бүрэн хөгжсөн, чинээлэг, хүчирхэг улс” болох томоохон зорилт тулгараад байгаа юм. Ийнхүү ирэх оны Үндэсний их хурлаас өмнөх намын удирдагчдын сүүлчийн чухал чуулган болж өнгөрөв. Ирэх их хурлаар Си Жиньпин Хятад улсын даргаар гурав дахь удаагаа сонгогдох төлөвтэй байгаа бөгөөд Хятад улс 2018 онд намын удирдагч хоёроос илүүгүй удаа сонгогддог байсан уламжлалыг халсан билээ.
Г.АМАРСАНАА