Дотоодын өвлийн аялал жуулчлалыг сэргээх үүднээс “Талын түмэн адуу” уламжлалт үйл ажиллагааг энэ сарын 19-21-нд Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулахаар болжээ.
Морьтны өв соёл, ёс уламжлалыг залуучуудад өвлүүлэх, адууг уналга эдэлгээнд тогтмол ашиглах, монгол бахархлыг төрүүлэх зорилготой уг үйл ажиллагааг “Мөнх харилцаа” ТББ-аас зохион байгуулж ирсэн юм.
Энэ удаа 7 дахь болох үйл ажиллагаанд 2000 гаруй хүлэг оролцуулж, адуутай холбоотой үнэт эдлэлийн дуудлага худалдаа, гэр музейн үзэсгэлэн, тэмцээн, урлагийн тоглолт зохиохоор төлөвлөжээ.