Categories
гадаад мэдээ

БНХАУ ирэх оны дунд үе гэхэд хүн амаа сүргийн дархлаатай болгох зорилт тавьжээ

БНХАУ ирэх оны эхний хагаст хүн амаа коронавирусний эсрэг сүргийн дархлаатай болгох зорилтдоо хүрнэ гэж эмч мэргэжилтнүүд нь тооцож байгаа аж. Одоогоор тус улс 1,3 тэрбум хүн амынхаа 80орчим хувийг ковид19 цар тахлын эсрэг вакцинд бүрэн хамруулсан байна.

Мөн Хятадад коронавирусний вакцины нэмэлт буюу бүүстэр тунд хамрагдсан хүний тоо эрчимтэй өсөж байгааг тус улсын вирус судлаач эрдэмтэн мэдэгджээ. Нэмэлт тун вакцин үхлийн аюултай коронавирусний эсрэг хүний дархлааг маш сайн нэмэгдүүлж байгаа тухай судалгааны дүгнэлт гарснаас хойш Хятадын олон муж хотод нэмэлт тун вакцин хийх үйл ажиллагаа эрс нэмэгдсэн байна.

Нэмэлт тун вакцин өмнөх тунгаас хойш урт хугацаанд завсарласан ч гэсэн хүний бие дэх эсрэг биетийг 5-аас 10 дахин нэмэгдүүлж байна гэж Хятадын амьсгалын замын өвчин судлалын үндэсний эмнэлзүйн судлалын төвийн захирал Жун мэдэгджээ. Мөн тэрбээр одоогоор хүн ам нь нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байгаа учраас Хятад улс ирэх оны эхний хагас гэхэд хүн амаа сүргийн дархлаатай болгох зорилтдоо хүрнэ гэж таамаглаж байгаа юм.

Сануулахад, одоогоор Хятад улсад 1 тэрбум гаруй хүн коронавирусний хоёр тун вакцинд хамрагджээ. Энэ оны сүүл гэхэд тус улсын хүн амын 80 хувь нь хоёр тун вакцинд хамрагдах төлөвтэй байна. Мөн ирэх оны эхний улиралд хүн амын дийлэнх хувь нь нэмэлт тунд хамрагдахчина, ингэснээр хүн амын дунд “Ковид-19” цар тахлын эсрэг сүргийн дархлаа бий болно гэж тооцож байгаа гэнэ.

Хятадын хүн амын дунд 17-59 насны иргэд вакцинд хамгийн идэвхтэй хамрагдаж байгаа юм байна. Харин вакцинд хамрагдах идэвх сул байгаа өндөр настай иргэд коронавирусний дельта хувилбарт өртөх магадлал өндөр байгаад эмч мэргэжилтнүүд нь санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *