Хонгконг болон Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources” компани олборлолтын үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоох шийдвэр гаргалаа.
ӨМӨЗО-д “коронавирус”-ийн халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор удирдлагууд нь хязгаарлалтын хатуу арга хэмжээ авч байгаа ажээ. Мөн Сэхэ боомтыг түр хугацаагаар хаагаад байгаа юм. Тус компанийн экспорт тасалдсанаар компанид үзүүлэх санхүүгийн нөлөөллийг бууруулах үүднээс олборлолтоо арваннэгдүгээр сараас эхлэн Сэхэ боомт нээгдэх хүртэл зогсоохоор болсон байна.
“SouthGobi Resources” БНХАУ-д хийх экспорт нь тасалдсан ч нөөцөөсөө борлуулалтаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Нүүрсний дөрвөн сарын эрэлтийг хангах нөөц байгаа гэдгийг тус компани мэдэгдэлдээ дурдсан байна. “SouthGobi Resources”-ийн нүүрсний борлуулалт энэ оны II улиралд 100 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 400 мянган тонноор буурчээ.