Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ онд 211 төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас халжээ

2008 онд Захиргааны хэргийн шүүхэд төрийн албаны 100 хэрэг, маргаан хянан шийдвэрлэж байсан бол тухайн сонгуулийн дараагийн жил буюу 2009 онд 197 хэрэг хянан шийдвэрлэж энэ төрлийн хэрэг, маргаан хоёр дахин өсчээ.

Мөн 2012 оны сонгуулийн жил төрийн албаны 133 хэрэг, маргаан хянан шийдвэрлэж байсан бол 2013 онд энэ төрлийн хэрэг, маргаан 203 болж 52 хувиар, 2016 онд төрийн албаны 417 хэрэг, маргаан хянан шийдвэрлэж байсан бол 2017 онд 660 болж 58 хувиар тус, тус өссөн байна.

Харин 2020 онд төрийн албаны 199 хэрэг, маргаан хянан шийдвэрлэсэн бол 2021 оны гуравдугаар улиралд төрийн албаны 211 хэрэг маргаан, хянан шийдвэрлэсэн байна.

2018-2020 онд 1241 төрийн албан тушаалтныг ажилд эргүүлэн томилж, тэдгээрийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт ойролцоогоор 4 орчим тэрбум төгрөгийг олгох шүүхийн шийдвэр гарсан байдаг. Гэвч учирсан хохирлыг төрөөс нөхөн төлүүлэх шүүхийн шийдвэрийн хэрэгжилт 30 орчим хувьтай, харин төр буруутай албан тушаалтнаар хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалт хэрэгжихгүй байгаа юм.

Ерөнхийдөө Засгийн газар шинэчлэгдэн байгуулагдах, яам, агентлагийн бүтэц, зохион байгуулалт, төрийн албан хаагчдын орон тоо, ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөх зэрэг шалтгаануудтай холбоотой гэдгийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ статистикд дурджээ.

ШЕЗ-ийн Шүүхийн статистик хариуцсан референт П.Ангарагсайхан Ажлаас үндэслэлгүй халагдсан гэх үндэслэлээр шүүхээр шийдэгдэж байгаа хэргийн 60-70 хувь нь нэхэмжлэгчийн талд харин 30 орчим хувь нь хариуцагчийн талд шийдвэрлэгдэж байна. Шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарч байна гэдэг нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээж байгаа хэрэг юм. Тэгэхээр ажлаас халж байгаа дарга нарын гаргаж байгаа захиргааны акт хууль бус буюу өөрөөр хэлбэл хуулийн үндэслэл буруу байна гэсэн үг” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *