Categories
мэдээ нийгэм

Г.Наранбаяр: Ажилгүйдэл нэмэгдлээ гээд л шуугиад байдаг ч суурь шалтгаан нь ажиллах хүч цөөнд байгаа юм

Нийгэм судлаач, “Мэдлэгийн хотхонТББын гүйцэтгэх захирал Г.Наранбаяраас зарим зүйлийг тодрууллаа.


Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын хэмжээнд ажилгүй 127.7 мянган иргэн бий хэмээх судалгааны үр дүн гарсан. Манай улсын хувьд энэ өндөр үзүүлэлт үү?

-Манай улс нийт 1.2 сая ажиллах хүчинтэй, тэдний нэг сая нь ажилладаг гэсэн албан ёсны статистик байдаг. Ажилгүй хүн олон байгаа ч цөөн хүн амтай, үйлдвэрлэгч биш орны хувьд ажилгүйдлийн түвшин тийм ч өндөр биш.

Олон иргэн төрөөс халамжийн үйлчилгээ авдаг болохоор ч тэр үү хүмүүс ажилгүйдлийг халамжтай холбож тайлбарладаг. Ажилгүйдэл халамж ихэдсэнээс болж үүсч байна гэж хүн бүр л ярих юм?

-Тодорхой хэмжээнд халамжаас шалтаалан ажилгүйдэл үүсч болно. Гэхдээ ажилгүйдлийн хамгийн гол шалтгаан бол боловсрол. Манайхан их халамж өгснөөс болж хүмүүс ажил хийхгүй байна гэдэг. Халамж гэдэг чинь өөрөө амь зогоох хэмжээний мөнгө шүү дээ. Өндөр цалинтай ажилд оръё гэхээр мэдлэг боловсрол дутдаг. Тэгэхээр бага цалинтай хар бор ажил хийж биеэ ядрааж байснаас халамжийн мөнгө авсан нь хамаагүй дээр.

-2002-2003 онд төрөлт хамгийн багассан үе. Төрөлт багасахаар ажиллах хүч ч багасах байх, тийм үү?

-Тийм ээ, ер нь манай улс ажиллах хүч, хүн ам ч цөөнтэй орон. Тэгэхээр бид хүн болгоныг ажилтай болгоно гэхээс илүү хүн нэг бүрийн хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах нь чухал. Энэ талаар хүмүүс бараг л ярьдаггүй. Ажилгүйдэл үүслээ, нэмэгдлээ гээд л шуугиад байдаг боловч суурь шалтгаан нь ажиллах хүч цөөнд байгаа юм. Маш цөөн ажиллах хүчтэй байж нэг хүнээс гарах хөдөлмөрийн бүтээмж бага байдаг. Энэ нь ажилгүйгээс ялгаагүй. Гэтэл урд хөрш маань хувь хүнээс гарах хөдөлмөрийн бүтээмжийг асар өндөр болгох зорилготойгоор иргэдийнхээ боловсролд их хэмжээний хөрөнгө оруулж байна. Гэтэл манай улс ажилтай болгоно л гэсэн байрнаас бага цалинтай тээвэрлэгч, мужаан, засварчин болгох гээд зүтгээд байдаг. Хөдөлмөрийн өртөг багатай ажлын байрнуудыг нэмсээр л байна. Хөгжингүй орнууд оюуны чадамж, боловсруулалт шаардсан, өндөр үнэлгээтэй ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлтэй байна шүү дээ.

Ажиллах хүчний дутагдалтай үед цэргийн албыг хоёр жил болгох тал дээр та ямар байр суурьтай байна?

-Залуусын биеийн хөгжил, хүмүүжил, сахилга батын хувьд цэргийн албанд хоёр жил татагдаж болно. Гэхдээ нөгөө талаар улс оронд ажиллах хүч үнэхээр дутагдалтай байхад үүнийг буруу гэж харж байна. Ажиллах хүчийг чанартай болгохын тулд боловсролын системээ бүхлээр нь өөрчлөх ёстой. Хоёр жилийн өмнө хийсэн судалгааны үр дүнг дурдъя л даа. Монгол Улсад программ хангамжийн /IT/ мэргэжилтэн хамгийн багадаа 11 мянга хэрэгтэй байхад 700 гаруй мэргэжилтэн л ажиллаж байна. Эрүүл мэнд, барилгын салбар гээд олон салбарууд хүний нөөцийн дутагдалтай байна. Энэ мэргэжилтний дутагдлыг хурдан нөхөх шаардлагатай.

Эдийн засгийн хувьд 2002-2003 онд нэлээд хүнд байсан. Тэр үетэй харьцуулахад одоогийн нөхцөл байдал ямар байна?

-2003 оноос хойш томоохон төслүүдийн үйл ажиллагаа эхэлсэн. Оюу толгой, Таван толгой гээд Монгол Улсын эдийн засагт нөлөө бүхий субъектуудтэй болсон.

Алтны уурхайнууд 2006, 2007 онд оргил цэгтээ хүрч одоо үед бизнесийн орчин нэлээд сайжирсан. 2002 онтой харьцуулахад бүх зүйл өөр боллоо. Харин хүний нөөц, боловсрол хоёр яг тэр хэвээрээ. Энэ тал дээр хэн ч анхаарахгүй байна.

Хэрэгжүүлж байгаа бодлого, систем ямар байвал нийгмийн ажиллах хүч чанартай болох юм бэ?

-Олон судалгааны эцэст нэг л дүгнэлтэд хүрсэн. Тэр нь Монгол Улс “Хөгжлийн бодлого”-оо тодохойлох ёстой. Хөгжлийн бодлого тодорхойлно гэхээр уул уурхай, барилга байгууламж, эдийн засаг, боловсруулах үйлдвэр гээд бүгдийг нь хамчихдаг. Хөгжлийн бодлого гэдэг бид аль чиглэлд олон улсын хөдөлмөрийн хуваарьт оролцох юм бэ гэдгээ тодорхойлохыг хэлнэ. Одоохондоо уул уурхайн хөгжил яваад байгаа юм шиг боловч энэ чинь шавхагддаг баялаг. Бид эрүүл мэнд юм уу, программ хангамжийн салбар ч юмуу түүндээ хөрөнгө оруулалт хийж боловсон хүчнээ бэлтгэх ёстой.

Хажууд БНХАУ гээд том үйлдвэрлэгч орон байна. Боловсрол өндөртэй ажиллах хүчтэй болж байж л бид хөгжиж, өрсөлдөх чадвартай болно. Дэлхий дээр нийт 2.1 сая гаруй мэргэжил байдаг. Хамгийн олон төрлийн мэргэжилтэй орон бол АНУ 1.3 сая мэргэжилтэй. Гэтэл Монгол Улс гуравхан сая иргэнтэй байж хэдхэн мэргэжилтэй. Ийм байж “Эдийн засгаа солонгоруулна” гээд байдаг. Мэргэжлийн, чанартай боловсон хүчингүй үед эдийн засгийг солонгоруулах тухай яриад ч хэрэггүй. Эхлээд нэг хүнээс гарах хөдөлмөрийн бүтээмжийг өндөр өртөгтэй болгоно гэсэн нь хамаагүй дээр.

А.ГАНТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *