Categories
мэдээ нийгэм цаг-үе

11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ

Тэрбээр 7 наснаасаа эхлэн ирээдүйд цагдаа болно хэмээн хүсч мөрөөдөж эхэлсэн бөгөөд одоо ч зорьсон зорилгынхоо төлөө шаргуу хичээллэж байгаа юм байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн сурагч Т.Эрдэм “Би өдөр сонгоныхоо хичээлээ тарчхаад гэр лүүгээ явж байхдаа галын аюулд өртсөн хүнд тусалсан. Амьдралдаа анх удаа хүний амийг аварсан. Тэр үедээ балмагдаад үнэхээр сандардаг юм байна лээ. Гэхдээ л хүнд тусална гэдэг бол ялангуяа хүний амь насыг аварна гэдэг бол үнэхээр сайхан. Нэг гэр бүл ч гэсэн элэг бүтэн амьдарч байвал үнэхээр гоё санагдаж байна. Өвөө минь цагдаа байсан. Надад үргэлж л хүнд тусалж байгаарай, хүнтэй эелдэг харьцаж байгаарай, сайн хүн болоорой гэдэг байсан. Хүн аварч байхдаа би яг л цагдаа болчихсон хүнд туслаад явж байгаа юм шиг л санагдсан. Тийм болохоор би заавал цагдаа болж олон хүний амь насыг аврах болно” хэмээв.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг “Эрдэм хүү эр зориг гарган галын аюулаас эрдэнэт хүний амь насыг аварсан нь Монгол Улсынхаа ирээдүй болсон өсвөр насны хүүхдүүдэд маш том үлгэр дуурайлал үзүүлж байгаа гэж бодож байна. Монголын ирээдүй болсон хүүхдүүд хүний амь насыг аварч байна гэдэг нь бидний ирээдүй үнэхээр гэрэлтэй гэгээтэй харагдаж байгаагийн нэг жишээ. Т.Эрдэм хүүгийн гэр бүл, асран хамгаалагч, үе тэнгийн найзуудад нь талархаж буйгаа илэрхийлье. Эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ сайн ярилцаж, тэднийг сонсож юу хүсэж мөрөөдөн, юунд тэмүүлж байгааг нь анзаарч, урам зориг өгч байгаарай. Хүүхэд тань таны бодож байгаагаас илүү гэрэлтэй гэгээтэй, хүчтэй юм шүү” гэлээ.

Монголын сурагчдын холбооны тэргүүн Б.Анхбаяр “11 дүгээр ангийн сурагч Т.Эрдэм дүү хүний алтан амийг аварсан байна. Үнэхээр бахархаж байна. Яг одоо үүнийг уншиж буй дүү нар минь өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө, бусдын сайн сайхны төлөө, эх орныхоо төлөө чи юу хийж чадах вэ? гэж өөрөөсөө нэг асуугаарай. Сайн үйлс хийж хүнд тусална гэдэг бол хамгийн том бахархах зүйл” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *