Categories
мэдээ нийгэм

Лигийн аваргын цомыг “UBC FC” клуб хүртлээ

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны эмэгтэйчүүдийн лиг 2 сарын турш үргэлжилж, шилдгүүдээ шалгаруулж, медальтнуудаа тодруулав.

Энэ лигийг анх удаа 12 багтай зохион явуулсан бөгөөд 2021 оны лигийн аваргын цомыг “UBC FC” хэмээх шинэхэн байгуулагдсан клуб хүртлээ.

Тус багийн нэр шинэ боловч багийн амжилтыг гаргасан тамирчид өнгөрсөн жил лигт түрүүлсэн, эмэгтэйчүүдийн шигшээ багт дуудагддаг чадварлаг тоглогчид гэдгийг хөлбөмбөг сонирхогчид мэдэж байгаа.

Харин аваргуудтай эцсийн мөч хүртэл хүч үзсэн “Арвис” клуб мөнгөн медаль хүртсэн бол “Монголын тэмүүлэл” кубын охид хүрэл медалийн эзэд болсон юм.

Аваргын цомыг өргөсөн “UBC FC”-ээс хаалгач Э.Цэнджав, хагас хамгаалагч М.Хулангоо нар тус тусын байрлалдаа шилдэг нь боллоо. Шилдэг хаалгач болсон Э.Цэнджав 11 тоглолтод ердөө ганцхан гоол алдсан амжилттай лигийг өндөрлүүлсэн юм.

Энэ лигийн мөнгөн медаль хүртсэн “Арвис” клубын ахлагч А.Алтантуяа шилдэг хамгаалагч, 25 гоол оруулсан Ө.Ундрах шилдэг довтлогчийн шагналын эзэд боллоо.

Мөн лигийн тоглолтуудыг үнэн зөв дэнсэлсэн шилдэг шүүгчээр Б.Логьшир тодорсон бөгөөд тэр энэ улиралд I лигийн шилдэг туслах шүүгч болоод байв.

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн сүүлийн 2 жилийн хугацаанд эмэгтэйүүдийн лигийн тоглолтууд үзэгчгүй зохиогдож, MNB Sport сувгийн хамт олон лигийн тоглолтуудыг орон даяар шууд дамжуулсан.

Монголын хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамт олны төлөөлөл сэтгүүлч, тайлбарлагч О.Сонинбаярыг МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар гарын бэлгээр урамшуулж, нийт хөлбөмбөгчдийн өмнөөс талархал илэрхийлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *