Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Банкны хадгаламжийн 75 хувийг төгрөг, 21 хувийг валют эзэлж байна

Үндэсний статистикийн хорооноос сар бүр танилцуулдаг нийгэм, эдийн засгийн мэдээллээ танилцууллаа. Эдийн засгийн макро үзүүлэлт болон микро салбарын үзүүлэлтийн талаар Үндэсний статистикийн хорооны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Ц.Тэгшжаргал танилцуулаа.

Тэрбээр “Мөнгөний нийт нийлүүлэлт энэ оны эхний есөн сарын эцэст 27 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 4.6 их наяд буюу 20.4 хувиар өссөн байна. Энэ өсөлтөд төгрөгийн хадгаламж 3.5 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөллөө. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө есдүгээр сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсжээ. Нийт хадгаламж энэ оны есдүгээр сарын эцэст 19.2 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Нийт хадгаламжийн 75 хувийг төгрөгийн хадгаламж эзэлсэн бол 21 хувийг валютын хадгаламж эзэлж байна.

ААН байгууллага болон иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны есдүгээр сарын эцэст 20.2 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 16.5 хувь болж өссөн байна. Нийт зээлийн өрийн үзэгдлийн 84.9 хувийг хэвийн зээл, 5.3 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 9.8 хувийг чанаргүй зээл эзэлжээ.


Монгол банкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш энэ оны есдүгээр сард 2848.94 мөнгө байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 5.20 мөнгөөр чангарсан үзүүлэлт болж байна.\


Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2021 оны есдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оноос 9.6 хувь, өмнөх оны эцсээс 9.2 хувь, өмнөх сараас 0.3 хувиар тус тус өсөлттэй гарсан” хэмээн мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *