Categories
мэдээ нийгэм

Шүүгдэгчид үйлчилсэн өмгөөлөгчийг ялтнаар шалгаж байна

Өмгөөллийн үйл ажиллагаа баталгаагүй болж, хүний эрхийг хамгаалж чадахгүй байна гэж өмгөөлөгчид мэдээлэл хийлээ.

Энэ талаар өмгөөлөгч Ч.Өнөржаргал “Аливаа төрийн албан хаагчийг эсэргүүцсэн тохиолдолд тухайн хүнд хариуцлага тооцох механизм байдаг. Гэвч өмгөөллийн үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдолд хариуцлага тооцох хууль эрхзүйн механизм дутмаг байна.

Өмгөөлөгчийн биед халдаж, тагнах, өмгөөлсөнтэй нь холбоотой эрүүгийн гэмт хэрэг үүсгэн шалгах тохиолдол гарлаа. Өмгөөлөгчид хэрэг үүсгэн шалгаад шүүх дээр цагаатсан тохиолдол цөөнгүй.

Цар тахалтай тэмцэх хууль гарснаас хойш мөрдөн шалгах 461-р ангид хоригдож буй иргэд өмгөөллийн үйлчилгээ авч чадахгүй байна. Өмнө нь үйлчлүүлэгч өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзаж нүүр тулан ярилцдаг байсан бол одоо шилэн хаалтын хоёр талаас утсаар ярьдаг болсон.

Мөн байцаалтын үеэр мөрдөгч үйлчлүүлэгчтэй зэрэгцэн суугаад, шилэн хаалтын цаана өмгөөлөгч сууж байна. Ингэснээр өмгөөлөгч шилэн хаалтын цаана мөрдөгч үйлчлүүлэгчтэй юу ярьж байгааг мэдэхгүй. Сэтгэл санааны дарамт үзүүлж байгаа эсэхийг нь мэдэж өмгөөлж чадахгүй нөхцөлд байна” гэв.

Өмгөөлөгч Б.Баяраа “Өмгөөлөгч нь иргэний үндсэн эрхэд мэргэжлийн туслалцаа үзүүлдэг. Өмгөөлөгч ажлаа хийж чадахгүй бол иргэд хохирно. Ажлаа хийж байгаад ялтан болоод байвал өмгөөлөгч олдохгүй.

Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийн оролцоо байдаггүй нь маш буруу тогтолцоо. Прокурорууд бүхнийг хийдэг. Олон улсын жишгээр өмгөөлөгч хэрэгтэй бүрэн танилцаж прокурортой шүүх дээр мэтгэлцэх ёстой. Гэтэл Монголд өмгөөлөгч ердөө прокурорт хүсэлт, гомдол гаргах л эрхтэй.

Шүүх дээр нэг нь яллана, нөгөө нь цагаатгана гээд тэнцүү мэтгэлцэх ёстой хоёр субъект байхад прокурорын эрх хэт их байна. Эрүүгийн хэрэг үүсгэх, хэрэгсэхгүй болгох гээд гэмт хэргийг эцэслэн шийдэх эрх нь прокурорт байна. Уг нь энэ шүүхийг чиг үүрэг юм.

Өнөөдөр прокурорын эрх хэрээс хэтрээд өөртэй нь мэтгэлцэх өмгөөлөгчийг ялладаг болчихжээ” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *