Categories
мэдээ нийгэм цаг-үе

Барилгын компаниуд НӨАТ, НДШ-ийн өр төлбөрийг нэг удаа чөлөөлж өгөхийг шаардлаа

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал, эмнэлгийн барилгын ажил гүйцэтгэж байгаа барилгын компаниудын нэгдлээс тулгамдаж буй асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ.

200 гаруй барилгын компаниудын төлөөлөл хамтран Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдэд хугацаатай шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Тэдний шаардлагад:

Нэгдүгээрт, Цар тахлын тархалтыг зогсоох зорилгоор Улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комиссын шийдвэрээр хатуу хөл хориог удаа дараа тогтоосноор барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлэх хугацаа хойшлогдсон. /84 хоног/

Хоёрдугаарт, Хил нээгдээгүйн улмаас ачаа тээврийн үнэ өсөж, бараа материалын хомсдол үүссэнээр барилгын гол нэр төрлийн материалын үнэ 2-4 дахин огцом өссөн

Гуравдугаарт, Он дамжин хэрэгжиж буй барилга байгууламжийн төсөвт өртөгт 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн БХБЯ-ны сайдын 217-р тушаалаар батлагдсан “Барилгын ажилтны тарифт цалингийн жишиг”-ийг үндэслэн ажиллах хүчний зардал нэмэгдсэнийг нөхөж тооцоогүй /цалин 2 дахин өссөн/

Дээр дурдсан хүчин зүйлийн нөлөөгөөр он дамжин хийх бүтээн байгуулалтын ажлууд санхүүгийн болон цаг хугацааны хүндрэлд орж барилгын ажлуудаа графикт хугацааны дагуу хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Энэ нөхцөл байдлыг Төг засаг дүгнэж, үнийг зөрүүг 2022 оны Төсвийн тухай хуульд тооцож тусгаагүй байгаа нь барилга угсралтын компаниудыг шууд эрсдэлд оруулж, цаашид дампуурах нөхцөл үүсэж байна.

Барилгын компаниуд дараах шаардлагыг хүргүүллээ. Үүнд:

  • Үнийн бодит өсөлтийн индексийг тооцож, төсвийн зөрүүг 2022 оны Монгол Улсын Төсвийн тухай хуульд тусгах, Төрийн болон, ТББ, ААН-ийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг яаралтай байгуулах,
  • 2020 оны Монгол Улсын Төсвийн тухай хуулийн төсөлд шинээр баригдахаар тусгагдсан барилга байгууламжийн төсөл арга хэмжээг дараа онуудын улсын төсөвт үе шаттайгаар тусгахаар хойшлуулах, 2021 оноос өмнөх барилгын ажлуудад үнийн өсөлтийн зөрүүг тооцож 2022 оны төсөвт суулгах
  • Өмнөх онуудын төсөвт тусгагдсан улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа ажлуудын санхүүжилтийг 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө хариуцлагын гэрээ, хэлцлийн үндсэн дээр барилгын гүйцэтгэгчид олгох асуудлыг яаралтай шийдвэрлэх,
  • Одоо үргэлжилж байгаа гэрээт ажлуудын гүйцэтгэлийн болон чанарын баталгааг цуцалж гүйцэтгэгчид олгох
  • Цар тахлын нөхцөлийн үед НӨАТ, НДШ-ийн өр төлбөрийг нэг удаа чөлөөлж дэмжлэг үзүүлэх шаардлагыг хүргүүллээ.

Тэд уг шаардлагын хариуг аравдугаар сарын 13-ны өдрийн дотор ирүүлэхгүй бол дараагийн шатны арга хэмжээг авна гэдгийг мэдэгдлээ.

БАРИЛГЫН КОМПАНИУД 300 САЯ ТӨГРӨГӨӨС НЭГ ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛД ОРООД БАЙНА

Хэвлэлийн хурлын үеэр компаниудын төлөөлөл “Барилгын компаниуд 300 сая төгрөгөөс нэг тэрбум гаруй төгрөгийн алдагдалд ороод байна. Бодит байдлыг холбогдох хүмүүст танилцуулж, нөхцөл байдлаа шийдүүлэх хэрэгтэй байгаа юм.

Цар тахлын улмаас нөхцөл байдал өөрчлөгдөж, барилгын материалын үнэ ийм түвшинд өсөхийг бид хэрхэн таамаглах билээ. Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн барилгын салбартаа төр засгаас анхаарна байх гэж найдаж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *