Categories
мэдээ нийгэм

​Хууль зөрчин байгаль, зэрлэг амьтдаа заавал “цаазлах” ёстой гэж үү, Сангийн сайд аа


Сангийн яамнаас боловсруулаад буй “Коронавируст халдварын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хууль”-ийн төсөл монголчуудын байгалиа, зэрлэг амьтдаа хамгаалах сэтгэл, уламжлал, үйл хэрэг рүү өшиглөсөн, хүйтэн ус цацсан асуудал болоод байна. Тодорхой хэлбэл, Засгийн газар нь баялагтай байж болох уул, хайрхан бүр рүүгээ хүрз жоотуу, техник хэрэгслээ бариад хайр найргүй дайр, ух сэндийч. Бас ховор, зэрлэг амьтдаа замбараагүй агнаж мөнгө олох эрхийг хуулиар олгох гэж байна. Мөнгөний төлөө улайрч байна гэхэд хилсдэхгүй болжээ.

Улсын эдийн засаг “тамирдсан” байгааг ойлгож байгаа ч уул ус, зэрлэг амьтдаа зольж, байгаль орчны хийгээд амьтны тухай хуулиуд, олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүргүүд, өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, журмууд бүр Үндсэн хуулиа уландаа гишгэлэн байж эдийн засгаа сэргээнэ гэж төрийн сайд тэргүүтэн нь сэтгэж, хуулийн төсөл боловсруулчихсан суугаа нь дэндүү харамсалтай.

Уг нь монголчууд сүүлийн жилүүдэд дархан цаазат, тусгай хамгаалалттай гэлтгүй нийт нутгаа санаачилгаараа нөхөрлөл зэрэг нутгийн иргэдийн байгууллага байгуулж нөхөн сэргээх, ойжуулах, булаг шандын эхийг хашихаас эхлээд байгаль орчноо илүүтэй хайрлан хамгаалах болсон. Үүнийг нь анзаарсан олон улсын төдийгүй дотоодын компани, байгууллагууд ч иргэд, малчид, хүүхдүүдтэй хамтран ажиллаж сайн үр дүнд хүрсэн жишээ жил ирэх тусам олширсоор ирсэн. Үүнийг дагаад байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлдвэрлэл болон хүмүүсийн харилцаа, хэрэглээ монголчуудын дунд нутагшиж, байгальд хайртай, хамгаалдаг ирээдүй үе бий болж байгаа нь анзаарагдах болсон билээ.

Үүнээс гадна малчид, иргэдийн зэрлэг амьтнаа хамгаалах, агнах нь битгий хэл амьдрах орчин нөхцөлд нь халдахгүйгээр зохицон амьдрах байдал ч олон улсын гэрээ, конвенциудад хүлээсэн үүргээ зарим талаар давуулан биелүүлж байна уу гэмээр сайн үр дүнд хүрсэн жишээ мундахгүй олон болоод байгаа. Энэ чиглэлээр гадна, дотнын байгууллагууд төдийгүй аймаг, сум, орон нутгийн удирдлага, иргэд хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, санаачилгаараа амьтанд ээлтэй орчин бий болгодог болсон. Энэ мэтээр монголчуудын байгаль, зэрлэг амьтдаа хайрлах, хамгаалах, харилцан шүтэлцэж амьдрах үзэл улам бүр сэргэсэн гэж болно. Гэтэл төрийн сайд, түшээд нь байгалиа хайр найргүй сүйтгэж, баялгийг нь цөлмүүлэх, зэрлэг амьтдаа цуст анчдын зугаа болгон, хүйс тэмтрүүлж мөнгө болгох хуулийн төсөл боловсруулж, олон улсынхны нүдийг “оройд” нь гаргаж байдаг.

Ингээд зогсохгүй уг хуулийг Их хуралд яаралтай горимоор оруулж, хэлэлцүүлэн батлуулах үүрэг даалгаврыг Ерөнхий сайдын зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Сангийн сайд нарт өгсөн гэгдэж буй. Энэхүү яавч баталж болохгүй хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэгт “Аялал жуучлалыг дэмжих” хэмээгээд

“Агнуурын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор сүргийн бүтцийг алдагдуулахгүйгээр тооцоо, судалгаанд үндэслэн аргаль хонь, янгир ямаа, идлэг шонхор агнах, барих тусгай зөвшөөрлийн хэмжээг Засгийн газрын 2020 онд олгосноос хоёр дахин нэмэгдүүлэх гэсэн заалт оруулсан байна. Дээрх хуулийн төсөлд тусгасан энэхүү заалтууд өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон хуулийн заалттай зөрчилдөж байна. Тодруулбал, Амьтны тухай хуулийн 26.3.-д Тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан байдаг. Гэтэл Сангийн яамнаас боловсруулсан хуулийн төслийн 16 дугаар заалт “2024 оныг дуустал хүчинтэй байна” гэсэн байгаа юм. Энэ нь хамгийн наад зах нь тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг жил бүр тогтоох ёстой тухай заалтыг зөрчиж байгааг төсөл боловсруулагчид нь мэдээгүй бололтой. Мөн “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)”-ыг зөрчих эрсдэлтэй нөхцөл үүсч мэдэхээр байна.

Түүнчлэн дээрх хуулийн төсөлд өдгөө 30 хувь ч хүрээгүй яваа улсын тусгай хамгаалалт бүхий газар нутгийн ашигт малтмалыг хууль зөрчиж, ашиглуулж мэдэх заалт оруулсан нь анхаарал татаж байгаа юм. Хуулийн төслийн есдүгээр бүлэгт орсон дээрх заалтууд байгаль орчноо сүйтгэх, ховор амьтад устах аюулд хүргэх эрхийг төр нь шууд өгөх гэж байна гэхээр байна. Тодруулбал, 27.1.1 “Тусгай хамгаалалттай газар нутагт болон хил орчмын нутаг дэвсгэрт ашигт малтмал, газрын тос олборлох үйл ажиллагааг Засгийн газрын өргөн мэдүүлснээр шийдвэрлэх” гэх заалтыг тусгасан.

Ухаж ойлговол тусгай хамгаалалтад авсан газар нутагт Засгийн газар ашигт малтмалын зөвшөөрөл олгож, газрын хэвлийг нь ухуулах эрхтэй болох юм байна. Үндсэн хуулийнхаа зүйл заалтыг зөрчин байж дээрх заалтыг оруулж байгаагийн цаана ашиг, сонирхлын том зөрчил үүсэж байж мэдэх. Түүнчлэн дээрх хуулийн зүйл заалт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1, 18.1, 21.2, 24.2 заалтууд (ашигт малтмалын хайгуул хийх, олборлохыг хориглох тухай)-ыг зөрчиж байна.

Газар нутгийг тусгай хамгаалалтад авна гэдэг амар хялбар ажил биш. Эрдэмтэн, судлаачид олон жилийн хөдөлмөр зарж байж нутгийнхаа аль хэсгийг хамгаалалтад авч үр хойчдоо үлдээхээ судалгааны үндсэн дээр шийддэг, шийдсээр ирсэн. Маш олон хүний хөдөлмөр ордог. Шинжлэх ухааны үндэслэлтэй хийдэг энэ ажлыг юу ч мэдэхгүй төрийн түшээд дураараа өөрчилж хууль зөрчөөд байж болохгүй. Онгон дагшнаараа байгаа байгалиа, тэнд амьдарч буй ховордсон амьтдаа хадгалж, хамгаалж хойч үедээ үлдээхийн тулд газар нутгаа тусгай хамгаалалтад авдаг. Харамсалтай нь, тусгай хамгаалалттай газар нутаг гэж юу байдаг, үнэ цэнийг нь мэддэггүй хүн төрд олон байдаг юм байна.Мэддэг байсан бол тусгай хамгаалалттай гээд хуульчилсан газрыг хууль зөрчиж хөндүүлэх төсөл боловсруулна гээд явж байхгүй шүү дээ.

Бас энд заавал анхаарах асуудал бий. 1993 оны есдүгээр сарын 30-ны өдөр Биологийн төрөл зүйлийн тухай НҮБ-ын суурь конвенцид Монгол Улс анх нэгдэж орсноос эхлэн одоогоор манай улс нийт 11 конвенци, гурван протоколыг соёрхон баталж, тэдгээрийн албан ёсны тал болсон билээ. Эдгээр гэрээ конвенцүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр олон улсын байгууллага, гаднын улс орнуудаас дэмжлэг үзүүлж ирсэн. Энэ нь улсаас зарцуулж буй хөрөнгөөс тав дахин их байна. Эндээс харахад тусгай хамгаалалттай газар нутгийг байгуулснаар хамгааллын хүрээнд шууд хөрөнгийг татах бүрэн боломж байдаг, ирээдүйд ч байгаль хамгааллын асуудал хурцаар тавигдаж буй энэ цаг дор бидэнд гаднаас хөрөнгө татах боломж улам л нэмэгдэнэ. Цаашид тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал олборлохоос илүүтэй үнэ цэнийг нь нэмэгдүүлж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцсэн аялал жуулчлалын үйл ажиллагааг дэмжин эдийн засгийг үр өгөөжийг нэмэгдүүлэх олон боломж бий.

Ийм учраас Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй энэхүү хуулийн төслийг боловсруулагчид “Коронавируст халдварын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хууль”-ийн төслөө эргэн харж, Үндсэн хуулиас эхлээд маш олон хууль, дүрэм, журам төдийгүй олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн зүйл заалтуудаа татаж, зохистой байдлаар эдийн засгаа сэргээх төсөл, санаачилга боловсруулах зайлшгүй шаардлага байгааг онцолъё.

Үнэндээ заавал байгаль руугаа хууль зөрчин халдахгүйгээр мөнгө олох олон арга бий. Тэр аргуудыг олох үүрэг хүлээж Сангийн сайдын суудалд суугаа шүү дээ. Эцсийн дүнд Сангийн сайдын амьсгалж байгаа агаар, уудаг ус энэ бүхэн байгаль ээжийн өмч, эрхэм сайд ч үүний хишгийг өдөр бүр хүртэж байгаагаа мартаж болохгүй биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *