Америкийн “Merck”, “Ridgeback Biotherapeutics” эмийн компанид гарган авсан эм “COVID-19” халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барах эрсдэлийг 50 хувиар бууруулж буйг судалгаагаар тогтоожээ.
АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ вирусын эсрэг үйлчилгээтэй “молнупиравир” хэмээх энэхүү эмийг яаралтай журмаар ашиглахыг зөвшөөрвөл халдварын эмчилгээнд ашиглах анхны дотуур ууж хэрэглэх эм болно.
“Merck”-ийн мэдээлснээр, судалгааны гуравдугаар үе шатны урьдчилсан дүнгээр “молнупиравир” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, цаашлаад нас барах эрсдэлийг ойролцоогоор 50 хувиар бууруулжээ.
Тодруулбал, судалгааны 29 хоногийн хугацаанд “молнупиравир” уусан өвчтөнүүдийн 7.3 хувь нь эмнэлэгт хэвтсэн бол плацебо уусан хүмүүсийн хувьд энэ үзүүлэлт 14.1 хувьтaй байжээ. Мөн тухайн хугацаанд эм уусан өвчтөн нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бол плецобо уусан найман өвчтөн нас барсан байна.
Ийнхүү “Merck” судалгааны үр дүндээ тулгуурлан Хүнс, эмийн чанарын хяналтын газраас “аль болох ойрын хугацаанд” зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
“Молнупиравир” нь вакцин биш, харин коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчлэх боломжтой эмчилгээ юм. Энэхүү эмийг дотуур ууж хэрэглэнэ. Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, ийм эмийг гарган авах нь “COVID-19”-өөс ангижрах дараагийн боломж байх магадлалтай байна. Тодруулбал, ийм эм нь вирустэй эрт үед нь тэмцэж, шинж тэмдэг илрэхээс урьдчилан сэргийлэх боломжтой.
“Merck” судалгааны үр дүнгээ хүлээх хугацаандаа эмийн тунгуудыг үйлдвэрлэж байсан бөгөөд энэ оны эцэс гэхэд 10 сая тунг үйлдвэрлэх төлөвтэй байна. АНУ-д одоогийн байдлаар “COVID-19”-ийн эмчилгээнд хэрэглэх вирусний эсрэг нэг эмэнд зөвшөөрөл олгоод байгаа нь “ремдесивир” юм. Гэхдээ энэ эмийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд судсаар хийх тул эрт хийгээд өргөн хүрээгээр хэрэглэх боломжгүй байна.