Бензин шатахуун тасалдлаа. Ард түмэн бажгадаж сандарч сүйд болж байна. Шатахуун түгээгүүр дээр оочероо булаацалдаж урдуур дайрлаа гээд хоорондоо алалцахаа шахаж байна. Юм үзээгүй эрх танхи ч хүмүүс юм. Дөнгөж сургаар нь ийм байгаа юм чинь жинхэнэ “юм” эхэлбэл яах юм байгаа юм, хэцүү л байх нь шиг. Өнгөрсөн хавраас хойш шатахууны хомсдол үүсэх нь, нөхцөл байдал хүндрэх нь гэсэн яриа өрнөж байсан ч тоохгүй явсаар ОХУ-ын талаас шатахуунаа нийлүүлэхгүй гэдгээ мэдэгдэж, БНХАУ-аас авахаар тохиролцож, мөнгөө шилжүүлсэн ч зөөвөрлөх төмөр замгүй хэмээн ийм боллоо.Одоо иргэд төрөөс тогтоосон хязгаарлалтаар шатахуунаа оочерлон авч байна. Ургац хураалт, өвөлжилт гээд намрын их ажилтай зэрэгцээд шатахууны хомсдол нүүрлэсэн нь эдийн засгийн хувьд маш муу мэдээ. Гэтэл колонк хэссэн приустэнгүүд бүтэн шөнө, бүтэн өдөр оочерлож байгаад л банкаа дүүргээд байх юм. Ямар ч сайхан зав байдаг юм. Ажил хийдэг хүн байдаггүй болохоор л энэ байх даа. Гомдсон хохирсноо яриад л. Нэг ёсондоо монголчуудын тар нь танигдаж байна.Ухамсартай ард түмэн бол машинаа долоо хоног гэртээ үлдээчихэд л болоод явчих юм. Машиныхаа оронд явган алхаж, автобусаар үйлчлүүлж, дугуйгаа унаад ажил төрөл, сургууль соёлдоо явчихаж болно. Хоёр цаг түгжирдэг газар 20-хон минут алхчихна. Нийтийн тээвэр өглөө, оройдоо л биш бол өдөрт сэлүүхэн хэдхэн хүнтэй л явж харагддаг. Машинаа болиод автобусандаа сууцгаа. Энэ долоо хоног дулаахан сайхан байна. Заавал машин тэргээр хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь зөөгөөд байх шаардлага алга. Яагаад гэхээр шатахууны хомсдол долоо хоногоос бараг хэтрэхгүй дээ. Бидний мөнхийн хөрш Орос, Хятад хоёр алгын чинээхэн Монголыг шүлс шиг жаахан шатахуунаар л хясав гэж. Үндсэндээ ОХУ, БНХАУ Монголыг шатахуунаар бойкотолбол хоёр том гүрний худалдаа наймаа, гадаад харилцаа дэлхийд ямар харагдах вэ. Нэр нүүрээ боддог юм байгаа биз дээ.Өөрсдөө ажлаа хийхгүй, гэрээ баталгаагаа хойшлуулж улстөржиж ард түмнийг хуурах гэж үнэ өртгийг нь барьж байгаад л ийм болоо байлгүй. Буруугаа бусдад тохож нэг муу явган пиар шүү юм хийх аядаж байна. Бид долоо хоног машинаа тавиад алхчихад л энэ чинь эх оронч үзэл болчихно. Балга бензинээ эмнэлэг, цагдаа, онцгойгийн албан хаагчдадаа өгсөн нь дээр биз дээ. Эх орон хүндрэхэд ард түмэн яадаг вэ гэж бид уль доль болтол бичдэг. 1998 онд Өмнөд Солонгосын эдийн засаг хүндрэхэд иргэд нь хамаг үнэт эдлэл, ээмэг бөгжөө бариад зарж үрж мөнгө болго оочерлоод л зогсож байсан. Гэтэл манайхан өөрсдөө л шатахуунаа авах гээд оочерлож бухимдаж байна. Шатахуунд оочерлож байгаа хүмүүсийн 70-80 хувь нь хувиа бодож, довоо шарлуулсны үүднээс зогсож байгаа. Хүмүүсийн хэрэгцээг далимдуулж ашиг харан халтуур хийж мөнгө олох, ийм үед машин унаж хүүхдээ зөөдөг мундаг хүн болох гэж л зүтгэж байгаа биз. Гадаадад яваа монголчууд хүн сонирхохоор юм харангуутаа л “Энэ манайд хэд нугарах бол” гээд зогсож байдгийг ямар мэдэхгүй биш.
Харин дараагийн алхам бол бензин тасалдуулсан хүмүүст хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Ард түмэн ч засаг төрийг хатуу шүүмжилж байгаа. Энэ нь ч зөв. Засгийн газар, зарим яамдын сайд нараас хариуцлага нэхээд эхэлсэн байна, иргэд. Ерөнхий сайд ч шатахууны хомсдол үүссэн өнөөдрийн нөхцөл байдлыг яаралтай дүгнэж, хариуцлага тооцох хүнийг олж ир гэсэн үүрэг өгсөн ч хариуцлага хүлээх хүн олдохгүй байгаа бололтой юм дуулдаж байна. Манай Засгийн газар ажил хийнэ гэдгийг огт мэдэхгүй байна. Харин нэг ажлыг гайхмаар сайн хийдэг нь пиар хэмээх өөрсдийгөө магтаж худал ярихыг л сурч. Засгийнхаа ажлыг хийхгүй, бүхнийг пиараар хийдэг энтертайнмент Засгийн газар болчихож гэж ард түмний шүүмжлээд байгаа нь үнэн.Хэдэн пиарчин залуусыг цуглуулчихаад пиарыг л их сайн хийж байна. Тэрийгээ мөн ч тасралтгүй хийх юм даа. Өнөө хэдэн пиарчууд нь ядахдаа “бай”-гаа онохгүй. Яаж ч пиар хийсэн хэдэн колонк нь хоосон болохоор энэ бүгд шүлс л болж хүн тоохгүй юм. Ажил хийдэггүй, шоу пиар хийдэг, түүнийгээ ажил гээд бодчихдог төртэй болоотохлоо шүү. Засагт ажил хийх дөр дадал суусан хүн бараг алга. Пиараа ажил гэж бодсон хүмүүс дийлэнх байна. Засаг төрийнхөн дэргэдээ ямар ч хэрэггүй, нэмэр тусгүй юмнуудыг цуглуулсан байдаг. Тэдэндээ их итгэдэг. Ямар ч сайн пиар хийлээ гэхэд “алаагүй үнэгний арьсыг хувааж” болдоггүй л байхгүй юу.
Хавар, намрын улирал бол аль ч Засгийн газрын хувьд маш хариуцлагатай цаг үе байдаг. Шатахууны хэрэглээнээс иргэдийн ажил амьдрал гээд олон зүйл шууд хамаардаг. Эх оронд нь шатахууны хомсдол үүсчихээд иргэд нь өдөр шөнөгүй урт дараалал үүсгэн оочерлоод зогсож байхад ҮАБЗ-ийн хоёр гишүүн, УИХ-ын 20 гишүүн АНУ-д зугаалж явна. Тэд ямар ажил хийв гээд харахаар Ботсвана улстай дипломат харилцаа тогтоосон байгаа юм. Бас тэрбум мод тарих юм гэсэн. Тэрэндээ бөөн хөөр. Өнөөхийг нь ч пиарчид нь ёстой нэг сэвж өгч байна. Тэгвэл улс орон нь шатахууны хомсдолд орох чинь ҮАБЗ- ийн гол ажил биш үү. Энэ аюултай байдалд орж байгаа юм биш үү. Даанч Ботсвана улстай дипломат харилцаа тогтоохоос доогуур гэж үзсэн болохоор яалтай билээ.
Засаг төрийг шүүмжилж байгаа иргэдтэй санал нэг байна аа. Гэхдээ заавал приусээ бензинээр дүүргэж урт дараалал үүсгэн зогсох хэрэг байна уу. Ард түмэн үнэхээр л бухимдаж байгаа бол, бухимдал чинь үнэн бол Хэнтий, СХД-т болох нөхөн сонгуулиар бухимдлаа гаргах хэрэгтэй байна. Таньдаг, мэддэг болгондоо МАН-д ганц ч санал битгий өг гэж захимаар байна. Эрх барьж буй МАН-ын хувьд ялсан ч, ялагдсан ч онцын ач холбогдолгүй нөхөн сонгуульд АН-ын нэр дэвшигчдэд саналаа өгөөд сэбхийтэл гаргаад ирмээр байгаа юм. Иргэдийн дуу хоолойг төр засагт хүргэх, төрийн элдэв хуйвалдааныг мэддэг, тэдний эсрэг дуу хоолойгоо зоригтой илэрхийлдэг тийм л хүнийг сонгох хэрэгтэй байна. Сонголтыг эцэст нь ард түмэн л мэддэг юм билээ дээ. Телевизээр дэмий харааж зүхэж орилолдсоноос энэ хамаагүй үр дүнтэй. Ард түмний санал хувирсныг засаг төр мэдэх нь тэдэнд сошиал телевизээр зүхэж шүүмжилснээс хамаагүй том аюулын дохио болж очно. Ингэвэл нэг ажил хийдэг болж магадгүй юм. Тэгэхгүй бол засаг нь пиар хийж, ард түмэн нь бажгадаж хий дэмий гасалж гүйхээс өөр чадамжгүй болсон байна, өнөөдөр. Ингээд харахаар Засаг төрийг ажил хийлгэхэд дөхөм болох ганц алхам нөхөн сонгууль л байх шив дээ. Ардчилсан засаглалтай оронд сонгууль л хамгийн том хариуцлага тооцох зүйл байдаг юм гэдгийг бүгдээрээ үргэлж санаж байх хэрэгтэй байна.