Categories
мэдээ нийгэм

0-5 насныханд 100 мянган төгрөг өгөх, 5-аас дээш насныханд хуримтлал үүсгэх хувилбарыг судалж байна

УИХ-ын намрын чуулган ирэх сарын 1-нд буюу долоо хоногийн дараа эхэлнэ. Чуулганаар 2022 оны улсын төсвийн төслийг хэлэлцэн батлах юм. Сангийн яам төслөө боловсруулж дуусжээ. Засгийн газрын ирэх лхагва гарагийн хуралдаанаар төсвөө хэлэлцээд, УИХ-ын даргад өргөн барих юм.

Ирэх оны улсын төсвийн нийт зардал 16 их наяд төгрөг байна. Хэдийгээр зэс, нүүрс, төмрийн хүдэр гэх мэт манай экспортын бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа ч ирэх оны улсын төсвийг боловсруулахдаа эдгээрийн үнийн өсөлтөд найдаагүй гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан онцолсон юм. Гэхдээ нүүрсний экспортыг 36 сая тонн буюу энэ оныхоос (15.9 сая тонн) даруй хоёр дахин өсгөж, төмрийн хүдрийн экспортыг 8.5 сая тонноос 9.5 сая тонн болгохыг зорьж байна. Алтны экспортыг Монголбанк энэ оныхтой ижил буюу 20 тонн байна гэж үзсэн байна.

Ирэх онд манай улсын нийт импорт 6.3 тэрбум ам.доллараас 7.2 тэрбум ам.доллар болж өсөх тооцоог Сангийн яам хийжээ.

Энэ онд төсвийн алдагдал ДНБ-ийн 8.8 хувьтай тэнцэж байгаа ч ирэх онд 5.1 хувь руу буулгана. Харин Засгийн газрын өр ДНБ-ийн 70 хувиас хэтрэхгүй гэсэн таазанд тулсан хэвээр байх нь.

2022 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ОНЦЛОХ ТООНУУД

Нийслэлийн түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг зарцуулна. Улаанбаатар хот энэ онд ийм хэмжээний буюу 420 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулах байв. Гэвч хотын түгжрэлийг өнөө хэр шийдээгүй тул энэ эх үүсвэрийг улсын төсөв рүү татахгүй. Харин хөгжлийн түгжрэл болсон замын асуудлаа шийдэх үүргийг хотын удирдлагуудад өгсөн байна.

Ирэх онд халамжид 3 их наяд төгрөг зарцуулна. Үүний 1.4 их наяд төгрөг нь хүүхдийн мөнгө. Гэхдээ хүүхдийн мөнгийг ирэх оны эхний сараас эхлэн тодорхой хувийг бэлнээр, тодорхой хувийг тухайн хүүхдийн хадгаламж руу шилжүүлэх замаар олгоно. Харин 50/50 хувь байх уу 60/40 хувь байх уу гэсэн тооцоог эцэслээгүй байна. Мөн 0-5 хүртэл насны хүүхдүүдэд сар бүр 100 төгрөг өгч, 5-аас дээш насны хүүхдүүдэд хуримтлал үүсгэх гэх мэтээр насаар нь зааглах хувилбарыг Засгийн газар судалж байна. Учир нь 0-5 насны хүүхдүүдэд хийсэн хөрөнгө оруулалт хамгийн өндөр өгөөжтэй байдгийг судалгаагаар тогтоожээ.

Хүүхэд бүрд сард 100 мянган төгрөг олгодог энэ халамжийг шууд зогсоохгүй гэдгээ Засгийн газар мэдэгдсэн. Судалгаагаар халамжийн энэ бодлогыг үргэлжлүүлэх нь зөв гэсэн дүгнэлт гарчээ.

Гэхдээ хүүхдийн мөнгө нь орлого бий болгодог халамж биш. Засгийн газар Төрийн сангаас буюу татвар төлөгчдийн мөнгөөр энэ халамжийг олгож байгаа тул удаан хугацаагаар энэ мөнгийг олгох нь улсын төсөвт том дарамт болох нь тодорхой.

Ирэх онд хийх шилжих хөрөнгө оруулалт нийт 1.5 их наяд төгрөг байна. Тээвэр логистикийн бэрхшээлийн улмаас энэ онд улсын төсвийн хөрөнгөөр хийх олон ажил хойшилжээ. Бараа материалын үнэ өссөн тул тендерт шалгарсан зарим ААН тендерийг хэрэгжүүлэх боломжгүйгээ мэдэгдсэн байна. Иймд шилжих буюу энэ онд эхэлж, ирэх онд үргэлжлэх хөрөнгө оруулалтын ажлууд буурсан дүнтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *