Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Энхболд: Манайх маш өндөр хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой ярилцлаа.


-Манайд ковидын тохиолдол өдөрт 1000,1000-аараа илэрч байна. Дельта хувилбар аль хэдийнэ голомтлон тархсан уу. Эмч, эмнэлгийн орны хүртээмж хэр байна вэ?

-Зургадугаар сарын давлагааны үед бид 14.500 ор дэлгэж байсан. Харин өнөөдөр 21 мянган ор дэлгээд ажиллаж байна. Монгол Улсын хувьд өвчлөлийн талыг нь эмнэлэгт авч байгаа. Гэтэл дэлхий дахинд бол нийт өвчлөлийн дөнгөж 1/3 хувийг л эмнэлэгтээ авч байна. Энэ үзүүлэлтээр авч үзэх юм бол Монгол Улс маш өндөр хэмжээнд эмнэлэгтээ хэвтүүлэн эмчлүүлж байна гэсэн үг. Бид нэг ч гэсэн хүнийг хүндрүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Эмнэлгийн ачаалал бол дээд цэгтээ хүрчихсэн. Ор дэлгэх гэхээсээ илүү хүний нөөц хамгийн том тулгамдсан асуудал. Үндсэндээ хүний нөөцийн хамгийн байж болох дээд цэгтээ тулган ажиллаж байна. Боломжтой бүх л арга хэмжээг Эрүүл мэндийн салбар авч хэрэгжүүлж байгаа гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй.

Өнөөдөр хоёр тунгаа тариулсан залуу иргэд харьцангуй хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа учир хүндрэх эрсдэлтэй ахмад настнууд, жирэмсэн, архаг хууч өвчтэй иргэдийнхээ урдуур дайран эмнэлэгт заавал хэвтэнэ гэхгүйгээр эмчийнхээ заавар зөвлөгөөг даган биеэ ажиглан гэртээ өөрийгөө тусгаарлан эмчилж, халдвартай иргэд маань шинж тэмдэг байхгүй гэж гадуур явж халдвар бүү тараагаач ээ гэж уриалмаар байна.

-Сургуулийн насны хүүхдүүд халдварын тархалтад хэр өртөж байна вэ. Хүүхдүүдийн хувьд 12-оос дээш насныхан вакциндаа хамрагдчихсан, 12-оос доош насныхан вакцинд хамрагдаагүй учраас дельта хувилбарыг илүү хүнд тусаж байна уу?

-Хүүхдийн өвчлөл нийт өвчлөл дотор 20 орчим хувьтай байгаа. Вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн хувьд халдвар хамгааллаа сахихгүй бол өвчлөл илүү нэмэгдэх эрсдэлтэй. Гэхдээ зохих хариу арга хэмжээг боломжтой арга хэлбэрээр авч байна.

Үүний нэг нь томуугийн эсрэг вакцинд 6 сараас дээш 11 нас хүртэлх хүүхдийг хамруулах явдал юм. Ер нь хүүхдийг өвдүүлэхгүй байх л чухал. Энэ тал дээр эцэг эхчүүд бид хамтдаа хичээж, хүүхдэдээ маш сайн анхааруулж, тогтмол маск зүүлгэх, гарыг нь халдваргүйжүүлж сурах хэрэгтэй.

-Сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүд тав хоног танхимаар, тав хоног цахимаар гэсэн хуваарийн дагуу хичээллэхээр тогтсон. Одоо ихэнх анги цахимаар хичээллэж байна. Халдварыг тодорхой хэмжээнд хумихад ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна?

-Сургууль 5/9 зарчмаар хичээллэж байгаа. Ихэнх нь цахимд шилжсэн зүйл байхгүй. Хоёр сайдын хамтарсан тушаал шийдвэрийн дагуу зохион байгуулалт хийгдээд явж байна. Цаашдаа ч энэ журам үйлчилж явах байх. Хүүхэд сургуулийн орчноос халдвар авч байна гэхээсээ илүү гэр бүлээсээ халдвар авч байгаа.

Үүнээс улбаалж тухайн анги цахимд шилжих тохиолдол байна. Сургуулийн зүгээс эрсдэлээ тооцож зарим ангиа цахимд шилжүүлж түр зохицуулалт хийж байна. Үүнээс гадна зарим эцэг эх хүүхдээ эрсдэлд оруулахгүй гэдэг шалтгаанаар цахимыг сонгож буй. Гэхдээ эрсдэл бол байгаа. Энэ эрсдэлийг тооцож аль болох танхимаар хичээллүүлж хоцрогдлыг арилгах шаардлага нь илүү бодитой тулгамдсан асуудал болоод байна.

-ДЭМБ-аас гурав дахь тунг хүлээн зөвшөөрсөн юм уу. Өнөөдрийн байдлаар гуравдугаар тунд хичнээн иргэн хамрагдаад байна вэ?

-Дэлхий дахинд вакцины хамрагдалт хангалттай байж чадахгүй байна. Учир нь одоог хүртэл вакцинуудын олдоц бага, хүрэлцээ муу, зарим буурай орнууд дөнгөж вакцин тарьж эхэлж байна. Энэ бүх шалтгаанаас улбаалж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гурав дахь тунгийн асуудалд хандаж буй болов уу. Монгол Улсын хувьд дархлаажуулалтын хуультай орон. Энэ дагуу бид өөрсдөө шийдвэр гаргаад явах боломжтой. Уг боломжийнхоо хүрээнд л гурав дахь тунг дотоод гадаадын судалгаан дээр үндэслэн хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 270 гаруй мянган хүн гурав дахь тунд хамрагдаад байна.

-Нэг, хоёр дахь тунгаа хийлгээд ковид тусаад эдгэсэн хүмүүс гуравдугаар тунд хамрагдаж болох уу?

-Бүрэн тунгаа авчихаад өвдсөн бол нэмэлт тун шаардлага байхгүй. Харин нэг тунгаа аваад өвдсөн бол хоёр дахь тунгаа тариулах шаардлагатай гэж зөвлөж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *