Афганистаны нийслэл Кабул хотын шинэ захирагч Хамдулла Номани хотын захиргаанд ажилладаг эмэгтэйчүүдэд гэрээсээ гарахгүй байх тушаал өгчээ. Тэдний хийдэг ажлыг эрчүүд хийх боломжтой бол эмэгтэйчүүд гэртээ үлдэх хэрэгтэй гэв.
Тэрээр “Афганистаныг удирдаж буй “Талибан” хөдөлгөөн хэсэг хугацаанд эмэгтэйчүүд ажил хийхгүй байх хэрэгтэй гэсэн шийдвэр гаргалаа” гэжээ. Хотын захиргааны 3000 ажилтны гуравны нэг орчим нь эмэгтэйчүүд ба зарим тохиолдолд эмэгтэйчүүд ажлаа үргэлжлүүлэн хийж болох ч тийм тохиолдол харьцангуй бага гэсэн байна.
“Тухайлбал, эрчүүд орох хориотой байдаг эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд ажилладаг эмэгтэйчүүд ажлаа үргэлжлүүлэн хийж болно. Харин эрчүүд хийх боломжтой ажлыг хийж буй эмэгтэйчүүдээс бид нөхцөл байдал тогтвортой болтол гэртээ байхыг хүссэн. Тэдэнд цалинг нь үргэлжлүүлэн олгоно” гэжээ.
Номани нь 1990-ээд онд талибууд захирч байх үед Кабул хотын захирагчаар ажиллаж байсан бөгөөд үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээний жагсаалтад орсон байна.
Хэдхэн хоногийн өмнө Талибан хөдөлгөөн охидыг сургуулиас хасаж хөвгүүдийг эрэгтэй багштайгаар хичээллэхийг зөвшөөрсөн. Ингэж хэлэхдээ “энэ нь түр хугацааны арга хэмжээ” гэсэн ба охид, хөвгүүдийг тусад нь сургах арга замыг боловсруулж байгаа аж.