Categories
мэдээ нийгэм

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын 6728 компанийн үйл ажиллагааг хүчингүй болгожээ

Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн 2021 оны эхний хагас жилийн байдлаарх тайланг нэгтгэжээ. Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага болон үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч нараас зайны хяналт шалгалтын хүрээнд ирүүлбэл зохих мэдээний дагуу тайлангийн нэгтгэлийг гаргасан байна.

Энэ оны хагас жилийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нийт 205 хуулийн этгээдэд олгожээ. Эдгээр зуучлалын байгууллагууд 226 брокер, 1255 агенттай үйл ажиллагаа эрхлэхээр Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн байна. Мөн 459 иргэн, хуулийн этгээдэд үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон.

Харин тусгай зөвшөөрөл олгох тухай хүсэлтээ Хороонд ирүүлээгүй улсын бүртгэлд бүртгэлтэй 6,728 хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын, 230 хуулийн этгээдийн үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг хүчингүй болгох талаар Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажилласан.

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага болон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид манай улсын нийгэм-эдийн засагт чухал нөлөө үзүүлсээр ирсэн. Гэвч аливаа зохицуулалтгүй, статистик тоон мэдээлэлгүй, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх тогтолцоогүй байв.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулж, санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын болон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулсан юм.

Тэдэнд хяналт тавих үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хүлээсэн. Иймд хорооноос тусгай зөвшөөрөл, бүртгэл, хяналттай холбоотой харилцааг зохицуулсан журмууд баталж, тусгай зөвшөөрөл олгон, бүртгэлжүүлэн хянаж байна. Мөн салбарын мэргэжлийн холбоодод тавих шаардлагыг тодорхойлсон журмыг баталж, салбар тус бүрийн мэргэжлийн холбоодтой сургалтын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулан, зохицуулалтын зохистой орчин бүрдүүлэх, мэргэжлийн оролцогчдоо чадавхжуулах, мэргэшүүлэх, эрх ашгийг нь хамгаалах талаар хамтран ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *