Categories
мэдээ нийгэм

Гудамж талбайг есдүгээр сарын 1-ээс ариутгаж, халдваргүйжүүлнэ

НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис даргалж, Дүүргийн онцгой комиссын шуурхай штаб дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахимаар хуралдсан байна.

Хурлаар коронавируст халдварын дельта хувилбарын тархалт, дархлаажуулалтын гуравдугаар тун, тандалт шуурхай хариу арга хэмжээнд ажиллаж буй хүний нөөц, техник хэрэгслийн бэлэн байдал, шаардагдах төсөв, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилт зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Түүнчлэн НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис холбогдох албан тушаалтнуудад хэлэлцсэн асуудалтай уялдуулж, хугацаатай үүрэг даалгавар өгчээ.

Тодруулбал, Их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж, халдварын тархалт нэмэгдэх өндөр эрсдэлтэй байгаа тул тандалт хариу арга хэмжээ, хүн хүчний нөөц, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангахад Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргүүдийн шуурхай штаб, Эрүүл мэндийн төвийн удирдлагууд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.

Сургууль, цэцэрлэгийн хариу арга хэмжээний багийн гишүүд, эмч нарын судалгааг гаргаж ГЭРЭГЭ системд нэвтрэх эрх олгон, сургууль, цэцэрлэг бүрийн халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл, бэлэн байдал хангагдсан эсэхэд хяналт шалгалт зохион байгуулж есдүгээр сарын 1-ний дотор мэдээлэхийг Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагад үүрэг болголоо.

Түүнчлэн хүн олноор цуглардаг нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай тоног төхөөрөмжөөр есдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулахыг даалгав.

Мөн “Хариуцлагын гэрээ” байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж ахуйн нэгжид халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллаж байгаад хяналт шалгалт хийж, сайн мөрдөж байгааг сурталчлан таниулах, мөрдөхгүй байгаад хариуцлага тооцон ажиллах юм.

Нэмэлт гурав дахь тунд зорилтот бүлгийн иргэдийг хамруулж эхэлсэнтэй холбогдуулж дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, иргэдийг сайн дурын үндсэн дээр хамруулах ажлыг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *