Categories
мэдээ нийгэм

Сүүлийн 4 жил 44.2 сая га бэлчээрийг хамгаалж, 20.6 сая га талбайг сэргээн сайжруулжээ

Швейцарын хөгжлийн агентлаг 17 жилийн өмнөөс бэлчээр нутгийн зүй зохистой хэрэглээ, нөхөн сэргээлт, малчдын орлогыг нэмэгдүүлэх, ирээдүй хойчийн төлөөх хариуцлагатай, тогтвортой арга хэлбэрээр уламжлалт нүүдлийн соёлыг хадгалж үлдэх “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрчээ.

Төслийн үр дүнг хүлээлгэн өгөх арга хэмжээг 7 аймагт зохион байгуулсан бол 2021 оны есдүгээр сарын 09-нд “Бэлчээрийн үндэсний IV форум”, 10-нд “Швейцарын Хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд төслийн үр дүн(2004-2021)”-г цахим буюу 3D виртуал орчинд хэлэлцэхээр болжээ.

Нүүдлийн мал аж ахуйн соёлыг байгаль орчинд ээлтэйгээр, тогтвортой, үр ашиг өндөртэйгээр залуу хойч үедээ өвлүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн ухаалаг хэрэглээг нэвтрүүлэх, тал хээрийн бэлчээр нутгийн экологийн тэнцвэрийг хадгалж үлдэхийг зорьж буй уг төслийг Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс зэрэг аймагт хэрэгжүүлж, төслийн үр дүнг хүлээлгэн өгчээ.

Байгалийн бэлчээрт суурилсан мал аж ахуйн хариуцлагатай үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьж, Монгол орны нийт бэлчээр нутгийн нөөц, нөхцөл байдлын судалгааг хийж, бэлчээр ашиглагчдын үндэсний сүлжээ(18 аймгийн 184 суманд нийт 1575)-г бий болгож, тогтвортой байдал, бэлчээр ашиглалтын гэрээг 1254 бэлчээр ашиглагчдын хоршоотой байгуулж, газрын нэгдсэн системд бүртгэлжүүлжээ.

Бэлчээр ашиглалтын горимыг баримтлах гэрээний үр дүнд манай улс сүүлийн 4 жил 44,2 сая га бэлчээрийг хамгаалж, 20,6 сая га талбайг сэргээн сайжруулж, мэргэжлийн судлаачдын дэмжлэгтэйгээр “Хариуцлагатай нүүдэлчид” стандартыг бүсчилсэн байдлаар 15 суманд нэвтрүүлжээ.

Түүнчлэн “Ногоон Алт-Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд малын эрүүл мэндийг мөшгих буюу Мал эмнэлгийн нэгдсэн системыг байгуулж, мал, амьтны гарал үүйсэл, эрүүл мэндийн түүхийг бүртгэлжүүлжээ. Малчдын хадгаламж зээлийн хоршоо 39, малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн 62 хоршоо байгуулагджээ.

Төслийн үр дүнг хэлэлцэн цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр уламжлалт соёлоо хадгалж үлдэх, соёлын өв тээгчдийн амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд эрүүл, баталгаатай, чанартай үйлдвэрлэлийн ашиг шимийг хүртээх зэргийг зорьж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *