Categories
гадаад мэдээ

АНУ цэргээ бүрэн татаж дуустал засгийн газар байгуулахгүй

– Афганистан дахь нөхцөл байдлын эргэн тойронд-

Талибан хөдөлгөөний удирдагчид наймдугаар сарын 31 гэхэд Афганистанаас цэргээ бүрмөсөн татахыг АНУ-аас шаардсан билээ. Уг хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Забиулла Мужахид даваа гаригт мэдэгдэл хийв. Тэрбээр “АНУ Афганистанаас цэргээ бүрэн татаж дуусах хүртэл шинэ засгийн газрыг байгуулахгүй. Бид бие даасан улс байх болно. Манай ард түмэн эдийн засгийн шинэчлэл хүсч байна” гэжээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Цагаан ордон 24 цагийн хугацаанд нүүлгэн шилжүүлэлтийн хугацааг сунгах тухай асуудлаар өөрсдийн эцсийн шийдвэрээ гаргана” гэж мэдэгдсэн удаатай. АНУ-ын засаг захиргаа нь Афганы дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэх ажилд иргэний агаарын тээврийн компаниудаа дайчилж байна. Тухайлбал, “Американ Эйрлайнс”, “Дельта эрлайнс”, “Юнайтед Эйрлайнс” зэрэг иргэний агаарын тээврийн зургаан компанийн 18 нисэх онгоц уг ажиллагаанд оролцож байна.

Украины онгоцыг хулгайлжээ

Украины иргэдийг нүүлгэн шилжүүлэх онгоц Афганистаны Кабул хот дахь “Борисполь” нисэх онгоцны буудалд газардах үед нь үл мэдэгдэх зэвсэглэсэн этгээдүүд эзлэн авч, дараа нь Ираныг зорьжээ. Онгоц хулгайлагдах үед онгоцонд 98 зорчигч, хөлгийн багийн таван гишүүн байжээ. Зорчигчдын 41 нь украины иргэд юм байна. Украины Гадаад хэргийн дэд сайдын мэдэгдсэнээр одоогоор хулгайлагдсан онгоц хаана очсон нь тодорхой мэдээлэл үгүй аж.

Ковидын эсрэг вакцинд хамруулна

АНУ-д авчирсан афган иргэдийг ковидын эсрэг вакцинд хамруулах асуудлыг хэлэлцэж байна. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки “Дүрвэгчдийг бүгдийг ковидын шинжилгээнд хамруулж, хэрэв дархлаажуулалтад хамрагдаагүй бол коронавирусийн эсрэг вакцин тарих юм” гэжээ. Кабулын нисэх онгоцны буудлын зорчигчдод мэргэжилтнүүд үзлэг хийж байгаа аж. Юуны өмнө эмнэлгийн ажилтнууд, тэр дундаа бие нь суларсан эсвэл өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг ковидын шинжилгээнд хамруулж байгаа гэнэ.

Сануулахад, өнгөрсөн наймдугаар сарын 15-нд талибууд Афганистаныг бүрэн хяналтдаа оруулсан хэмээн зарласан билээ. Үүний дараа барууны орнууд дипломат төлөөлөгчийн газруудынхаа ажилтнууд, иргэдээ нүүлгэн шилжүүлэх болсон юм.

Д. ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *