Categories
мэдээ спорт

ДАШТ: Манай тамирчид Уфад нэг мөнгө, нэг хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүллээ

Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ ОХУ-ын Уфа хотноо боллоо. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, спортын мастер Б.Энхзул мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрээр өчигдөр шөвгийн наймд өсвөр үеийн ЕАШТ-ий хошой хүрэл медальт Польшийн Наталья Валцакыг цэвэр, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр тус тус ялсан. Шигшээ барилдаанд “Буэнос Айрес-2018” залуучуудын олимпийн наадмын аварга, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт АНУ-ын Эмили Кинг Шилсонд оноогоор цэвэр (0:10) ялагдснаар үзүүрлэв. Б.Энхзулын төрсөн эгч Б.Энхцэцэг 2018 онд Трнавагийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бол гурван жилийн дараа дүү нь медаль хүртэв. Түүнчлэн түүний багш Паламын Чулуунбаатар гурван жил дараалан унаган шавь нараа залуучуудын дэлхийн аваргаас медаль авахуулаад байна.

2019 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт “Женко” клубийн тамирчин спортын мастер Мөнхбатын Мөнхгэрэл хоёр жилийн дараа залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтан боллоо. Тэрбээр 55 кг-ын жинд 1/8 шигшээд Кыргызстаны Калмира Билимбек Кызыд 4:6-гаар ялагдсан. Түүний өрсөлдөгч шигшээд шалгарснаар дагахад АНУ-ын Пэйтон Строудыг 10:0-ээр хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Анастасья Яндушкинаг цэвэр ялснаар шагналын тавцанд зогслоо. М.Мөнхгэрэл Оросын бөхөд 0:8-аар дийлдэж яваад гайхалтай эргэн ирэлт хийж тоог 9:8 болгон илүү гаргасан төдийгүй өрсөлдөгчөө цэвэр дарж ялалт байгуулав. Тэрбээр манай улсаас өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс хоёулангаас нь медаль хүртсэн тав дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө нь гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ А.Батцэцэг, Б.Нямгэрэл, Н.Насанбуян нар хос медальтан болж байв.
Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд залуучуудын УАШТ-ий алт, мөнгөн медальт Өмнөговь аймгийн тамирчин Өлзийбатын Одбаг хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Дилназ Мулкиновад цэвэр ялагдснаар тавдугаар байрт оров. ОХУ-ын Уфа хотод болж буй залуучуудын ДАШТ-д өнөөдөр үдээс өмнө эмэгтэйчүүдийн 53, 57, 65, 72 кг-ын жинд барилдсан Ч.Отгонтуяа, Б.Ганцэцэг, Т.Энхжин, Д.Цогзолмаа нар дагах боломжгүй болсон. Ингэснээр Монголын баг нэг мөнгө, нэжгээд хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *