Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хаягдал усыг дахин боловсруулж гүний цэвэр усаа хэмнэх боломж бүрдлээ


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

Одоогоос гурван жилийн өмнө миний бие АНУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын удирдах зөвлөлийн дарга Майкл Помпеогийн хамт Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг албан ёсоор баталж Хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурж байлаа. Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын хувьд амин чухал ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх юм.

Сонгинохайрхан уулын бэлд ирээдүйд Улаанбаатар хотыг, цаашлаад дагуул хот, шинэ суурьшлын бүсүүдийг усаар хангах Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр сүндэрлэн босно. Энэ түүхэн өдрийн гэрч болж байгаадаа миний бие туйлын баяртай байна.

Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлснээр усны шинэ соёл, боловсрол бий болж Улаанбаатарчуудад усны хангамжийн 100 жилийн баталгаа болно гэж манай эрдэмтэн, мэргэжилтэн, судлаач нар дүгнэсэн. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот 100 жил усны хангамжтай болж байна гэсэн үг. Гэрээний хүрээнд эко буюу ногоон төслүүд хэрэгжинэ. Эко хэмээн тодотгох учир нь бидний олон жил ярьж байгаа саарал ус буюу ахуйн хаягдлын усыг дахин боловсруулж ашиглан газрын гүний цэвэр усаа хэмнэх бодит боломж бүрдэх юм.

Улаанбаатар хотын нийт усны хэрэглээний тавны нэгийг эрчим хүчний салбар дангаараа эзэлдэг. Тиймээс хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэгдсэн уснаас авч дахин боловсруулсан усыг хамгийн түрүүнд дулааны цахилгаан станцуудад өгөх ёстой. Ингэснээр бид дахин боловсруулсан усыг цаашид аж үйлдвэрлэлийн болон бусад олон салбарт ашигладаг болох ундны цэвэр усаа бие засах өрөөндөө урсгадаг зохисгүй хэрэглээнд цэг тавих томоохон эхлэлийг тавьж байна.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сайд Майкл Клечески:
Миний бие АНУ-ын Элчин сайдын яамыг төлөөлөн Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлж байгаадаа тун таатай байна. Би энэхүү арга хэмжээнд оролцож байгаадаа маш их баярлаж байгаа. Учир нь Улаанбаатарт хоёр жил амьдрахад энэ хот миний төрөлх гэр орон шиг дасан зохицсон. АНУ-ын Засгийн газар Монгол Улсын эдийн засгийг дэмжих чин хүсэлтэй. Тийм учраас зээл биш буцалтгүй тусламжийг олгож байгаа юм. АНУ нь ардчилал хөгжиж буй улс орнууд, тэр дундаа Монгол Улсын эдийн засгийг аль болох өрийн дарамт үүсгэхгүй буцалтгүй тусламжаар дэмжихийг эрмэлзэж ирсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *