Categories
мэдээ нийгэм

Олимпоос медаль авсан тамирчдад байр өгч, гавьяат цол хүртээхээр болжээ

“Токио-2020” зуны олимпийн XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Сайед Моллай, хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа, дасгалжуулагч Халиуны Болдбаатар, Мөнхбаатарын Бундмаа, Бямбажавын Баттулга нарыг мөнгөн шагналаар шагнах шийдвэрийг Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 10-ны хуралдаанаас гаргасан билээ.

Ингэхдээ Сайед Моллайд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая, дасгалжуулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгохоор болсон бөгөөд мөнгөн шагналд шаардагдах нийт 225 сая төгрөгийг зохих журмын дагуу гаргахыг холбогдох албаны хүмүүст даалгасан юм.

Тэгвэл олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн Сайед Моллай Ubn.mn сайтад түүний амжилтыг үнэлээгүйд гомдолтой байгаа талаараа ярилцлага өгсөн нь өнөөдөр анхаарлын төвд байна.

Тэрбээр хэд хоногийн өмнө Германд очсон бөгөөд ярилцлагадаа “Би олимпийн мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна. Энэ медалийг би өөртөө болон гэр бүлдээ, хоёрт монголчууддаа зориулсан. Бүх монголчууддаа баярлалаа. Мөн Жздо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулгад талархаж байна. Харин өнөөдөр би гомдолтой байна. Учир нь маш олон худал мэдээллүүд цацагдаж байна. Сайед Моллай орон сууцаар шагнууллаа, Их хэмжээний мөнгөөр шагнууллаа гэсэн мэдээллүүд бүгд хуурамч. Үнэндээ би юу ч аваагүй. Мөнгөн медаль хүртсэн би аваагүй байхад хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар байраар шагнууллаа. Олимпийн дараа надад олон хүмүүс баяр хүргэсэн. Би баярлаж байгаагаа ч хэвлэлээр илэрхийлсэн. Харин Монголд ирснээс хойш 10 хоногийн турш зочид буудалд байхад Монголын төр засгаас хэн ч ирж надтай уулзаагүй. Зарим нэг хүмүүс надтай ирж уулзан, бэлэг өгч байгаа хэдий ч Монголын Үндэсний олимпийн холбооноос уулзаж, ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулаагүй. Би Монголын иргэншилтэй Монголын иргэн болсон шүү дээ. 10 хоногийн дараа би гэр бүл рүүгээ эргэн ирэхээр шийдсэн. Эхнэр маань надаас”Монголд юу хийгээд байгаа юм бэ? Ямар нэгэн ёслолын арга хэмжээ зохион байгуулаад байгаа юм уу” гэж асуусан. Би түүнд “Үгүй ямар ч арга хэмжээ зохион байгуулаагүй” гэж хэлсэн. Наймдугаар сарын 13-нд Засгийн газраас олимпийн медаль авсан бүх тамирчдад зориулсан ёслолын арга хэмжээ зохион байгуулна гэж байсан. Гэтэл тэр өдөр би өдөржин зочид буудалдаа байсан. Хэн ч над руу холбогдоогүй. Ямар ч мэдээлэл байгаагүй. Би түүнд маш их гомдсон” гэхчлэн ярьжээ.

Тэгвэл эх сурвалжийн өгсөн мэдээллээр бол Сайед Моллайд болон олимпоос медаль авсан тамирчиддаа Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээж, орон сууц бэлэглэх зарлиг, шийдвэр гарсан бөгөөд хараахан өөрт нь танилцуулж амжаагүй байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *