Богдхан төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олголоо. Суурь бүтцийн технологийн иж бүрдэл болох инженерийн дэд бүтэц, эрчим хүч, усан хангамж, өртөө, зөрлөгийн болон дохиолол холбоо, мэдээллийн барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулж, баталгаажуулах, тэдгээрийг барихад шаардлагатай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тухай бүр шуурхай олгож байхыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Богдхан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон. Тус төмөр замын чигийг эхний 40,6 км-ийг хэсэгчилсэн байдлаар баталгаажуулж, цаашид газар чөлөөлөлтийн асуудлыг шийдвэрлэсний дараа үргэлжлүүлэн баталгаажуулна. Энэ сард Богдхан төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Товч мэдээ
· Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сарын 21-25-нд Япон Улсад ажлын айлчлал хийсэн дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа.
· Цэргийн түүх, архив, хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Батлан хамгаалахын сайдад олгов.
· УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нараас санаачлан боловсруулсан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим саналыг төсөл санаачлагчдад уламжлахаар тогтов.