Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​БНХАУ-ын Төвөдийн ӨЗО-д 70 жилийн хугацаанд тал бүрийн ахиц дэвшил гарав

Амьдралын хүнд хэцүү нөхцөл бүхий Нагчу суурингаас Төвөдийн ӨЗО-ы төв Лхас хотын Дамсун дүүрэг рүү шилжсэн гэр бүл. 2020 оны 8-р сарын 2-ны зураг. /Синьхуа/


Төвөдийг тайван замаар чөлөөлсний 70 жилийн ой 2021 онд тохиож байна. Өнгөрсөн 70 жилийн хуга­цаанд тус ӨЗО-д нийгмийн хэв журмын түүхэн үсрэлт гарч, бүх ядуу иргэн нь ядуурлаас ангижирч, хот болон хөдөөгийн аль алиныг хамарсан нийгмийн халамжийн тогтолцоог бүрдүүлж чаджээ. Ийнхүү тус ӨЗО түүхэн амжилтад хүрч, бүх талаараа хөгжиж дэвшсэн байна.

ЯДУУРЛЫГ ЯЛАВ

Төвөдийн ӨЗО ядуурлын эсрэг тэмцэлд “томоохон ялалт” байгууллаа гэж Хятадын Коммунист Намын Төвөдийн ӨЗО-ы намын хорооны нарийн бичгийн дарга Ү Инжэ энэ оны тавдугаар сард тус ӨЗО-ы засаг захиргааны төв Лхас хотод хэвлэлийн бага хурал хийх үеэрээ зарласан юм.

Албан ёсны тоо баримтаас үзвэл, 2019 оны эцсийн байдлаар Төвөдөд 628 мянган хүн ядуурлаас ангижирч, хошууны түвшний 74 засаг захиргааны нэгж ядуу газруудын жагсаалтаас хасагдсан байна. Түүнчлэн, 2020 онд Төвөдийн хөдөөгийн нэг хүнд ногдох орлого өмнөх оны мөн үеийнхээс 12.7 хувиар өссөнөөр 14598 юаньд (2258 орчим ам.доллар) хүрчээ.

Ү Инжэгийн мэдэгдсэнээр, Төвөдийг тайван замаар чөлөөлснөөс хойших 70 жилийн хугацаанд БНХАУ-ын төв засгийн газар тус ӨЗО-д 1.63 их наяд юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн сүүлийн жилүүдэд Төвөд нь БНХАУ-ын бусад мужаас 69.3 тэрбум юанийн санхүүгийн тусламж дэмжлэг авчээ.

Ү Инжэ хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд Төвөдөд олгосон санхүүгийн дэмжлэгийн 80-90 хувийг нь ядууралтай тэмцэхэд зарцуулсан” гэв.

Хуваарилсан нийт төсөв мөнгөнөөс 590 гаруй тэрбум юанийг Сычуань-Төвөдийн хурдны зам болон Цинхай-Төвөдийн төмөр зам зэрэг тус ӨЗО-ы эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах томоохон төслүүдэд зарцуулжээ.

“Ийнхүү асар их хө­рөн­гө оруулалт хийсэн нь Төвөдийн дэд бүтцийн бү­тээн байгуулалтын чанарыг сайжруулж, улмаар хүмүүсийн амьжиргааны түвшинг дээш­лүүлэхэд шууд хувь нэмэр болсон” гэж Төвөдийн ӨЗО-ы Ардын засгийн газрын тэргүүн Цичжала хэлсэн юм.

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ГАЙХАЛТАЙ АХИЦ ДЭВШИЛ ГАРГАВ

Төвөд бол Хятадын байгаль орчны чухал цэг бөгөөд энэ газрын байгаль орчныг хамгаалах нь маш чухал ач холбогдолтой юм. Сүүлийн 70 жилийн хуга­цаанд Төвөдөд байгаль орчныг хамгаалах чиглэлээр гайхалтай ахиц дэвшил гарч, тус ӨЗО нь дэлхийн хамгийн сайн байгаль экологитой газруудын нэг болсон гэж Ү Инжэ хэлэв.

Тус ӨЗО нь 2016 оноос хойш байгаль орчныг хамгаалах салбарт 700 мянга орчим ажлын байр бий болгож, энэ чиглэлээр 60 га­руй хууль тогтоомж баталсан байна.

Энэ оны тавдугаар сарын байдлаар, мужийн түвшний 11 байгалийн нөөц газар, үндэсний хэмжээний дөрвөн байгалийн үзэсгэлэнт газар, үндэсний хэмжээний гурван геологийн парк, үндэсний хэмжээний есөн ойн парк, үндэсний хэмжээний намгархаг газрын 22 парк тус ӨЗО-д байгуулжээ. Тус ӨЗО-ы нийт нутаг дэвсгэрийн бараг 40 хувийг нь тусгай хам­гаалалттай газрууд эзэлдэг.

Түүнчлэн нутгийн иргэдийг цөлжсөн болон уулархаг газ­руудаас харьцангуй таа­тай амьдрах орчин, үйлд­вэрлэлийн харьцангуй бая­лаг хэрэгсэл болон дэд бүтэц харьцангуй хөгжсөн газруудруу нүүлгэн шил­жүүлж, бэлчээр болон мал аж ахуйн ферм байсан газруудыг зэрлэг амьтдын амьдрах орчин болгон хувиргасан гэж Ү Инжэ цохон тэмдэглэсэн юм.

Үүний зэрэгцээ Төвөдөд зэрлэг амьтад,ялангуяатөвөд зэрлэг илжигний тоо толгой хурдацтай өсөж бай­гаа бөгөөд төвөд гөрөөс­ний тоо толгой хэдийн 300 мянга давсан байна.

Төвөдийн ӨЗО-ы төв Лхас хотод цас орсны дараах Потала ордны үзэмж. 2020 оны 3-р сарын 19-ний зураг. /Синьхуа/


ТӨР ЗАСАГ БОЛОН АРД ИРГЭД ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ

Цичжалагийн хэлснээр, Төвөд нь ард иргэдийг олон зууны турш зовоож ирсэн Кашин-Бекийн өвчин хэмээх үе мөчний архаг өвчин, эхинококкозбуюу бэтэг зэрэг тухайн орон нутгийн онц­логоос шалтгаалдаг өвчин тахлуудаас өнгөрсөн 70 жилийн хугацаанд ангижирчээ.

Мөн тус ӨЗО-д эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний олон түвшний тогтолцоог бий болгосон гэж Цичжала хэлэв. 1951 оноос өмнө тус ӨЗО-д 100 хүрэхгүй ор бүхий ердөө гурван эмнэлэг байсан бол 2021 оны тавдугаар сарын байдлаар 17 мянган ор бүхий 1642 эмнэлэг, эрүүл мэндийн төвтэй болсон байв.

Төвөдөд сургуулийн өмнөх, суурь, мэргэжил сургалт, дээд боловсрол, мэргэжил дээшлүүлэх сур­галт болон тусгай боловс­рол зэрэг орчин үеийн бо­ловс­­­­ролын тогтолцоог бий болгосон байна. “Интер­нет+боловсрол”-ын тогтол­цоонд тус ӨЗО-ы бага болон дунд сургуулиудыг бүрэн хамруулжээ. Түүнчлэн Төвөдөд сургуулийн өмнөх боловс­ролоос дээд боловсрол хүртэлх боловсролын бүх үе шатанд санхүүгийн дэмж­лэг үзүүлэх тогтолцоог бий болгосон байна. Цичжалагийн хэлснээр, Төвөдөд санхүүгийн тусламж дэмжлэг авсан оюутнуудын тоо 11 сая давжээ.

Үүний зэрэгцээ Төвөдийн уламжлалт соёлыг хадгалж, үеэс үед дамжуулан үлдээхэд асар их тусламж дэмжлэг үзүүлдэг ажээ.

БНХАУ-ын Төв засгийн газар болон орон нутгийн эрх баригчид үндэсний хэм­жээний 55 соёлын дурсгалт газар, бүснутгийн ач холбог­дол бүхий 610 гаруй газрыг хамгаалан хөгжүүлэхэд 5 тэрбум гаруй юань /дэд бүтцийн бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалтыг оруулаагүй болно/ зарцуулжээ.

Хятад улс 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөг хэрэг­жүүлэх хугацаандаа буюу 2021-2025 онд Төвөдөд илүү их хөрөнгө оруулалт хийх төлөвтэй байна.

Бид одоо байгаль орчныг хамгаалан хөгжүүлэх, ард иргэдийн амьдралын чанарыг илүү сайжруулах, нийгмийн менежмент болон хил орчмын бүс нутагт бүтээн байгуулалт өрнүүлэхэд гол анхаарлаа хандуулах болно гэж Цичжала хэлсэн юм.


Лхас-Линьжи чиглэлийн төмөр замыг нээснээр Төвөдийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад томоохон үсрэлт хийлээ

БНХАУ-ын Төвөдийн ӨЗО-ы засаг захир­гааны төв Лхас хотыг тус ӨЗО-ы Линьжи /Ньинчи/ хоттой холбосон төмөр замыг 2021 оны зургадугаар сарын 25-нд албан ёсоор ашиглалтад оруулсан юм. Энэ нь Төвөдийн анхны цахилгаанжуулсан төмөр зам болсон билээ.

Энэхүү шинэ төмөр зам нь 435 км урт бөгөөд галт тэрэг цагт 160 км хурдтай явах боломжтой. Зорчигч болон ачаа тээврийн урсгалыг зохицуулахын тулд эхний ээлжинд Лхас, Шаньнань, Линьжи зэрэг хотуудын нутаг дэвсгэрт төмөр замын есөн өртөө нээсэн байна. Лхас-Линьжи чиглэлд төмөр зам тавьснаар Төвөдийн зүүн өмнөд хэсэг түүхэндээ анх удаа төмөр замтай болсон юм. Мөн 2006 онд Цинхай-Төвөд чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулснаар “төмөр замгүй Төвөдийн эрин үе” түүх болж үлдсэн. Авто замаар Лхас болон Линьжи хотын хооронд таван цаг явдаг байсан бол шинэ төмөр зам ашиглалтад орсноор гурван цаг, Шаньнань болон Линьжи хотын хооронд 6 цаг явдаг байсан нь хоёр цаг болж богиносжээ.

“ФҮСИН” ГАЛТ ТЭРЭГНИЙ АНХНЫ ТЭЭВЭРЛЭЛТ

No description available.

2021 оны 6-р сарын 16-нд “Фүсин” хурдны галт тэрэг Төвөдийн ӨЗО-ы Шаньнань хотын нутгаар туршилтаар явж буй нь. /Синьхуа/


БНХАУ-ын дотооддоо үйлд­вэрлэсэн анхны өндөр хурдны зорчигч тээврийн “Фүсин” буюу “Сэргэн мандалт” галт тэрэг нь Төвөдийн Линьжи хотын “Лхас” төмөр замынбуудлаас2021 оны зургадугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутад хөдлөв. Ингэснээр уг өндөр хурдны галт тэрэг нь эх газрын Хятадын бүх муж, засаг захиргааны нэгжүүд рүү явдаг болсон юм.

Төвөдийн ӨЗО-ы Ерөнхий сайд Цичжала-гийн хэлснээр, Төвөд рүү “Фүсин” өндөр хурдны галт тэрэг явдаг болсон нь дэл­хий дахинд Хятад улсын төмөр замын салбарын шинэ “нэрийн хуудас” болж, Төвөдийн хөгжилд цэцэг­лэлтэд тодорхой хувь нэмэр оруулах нь дамжиггүй.

Лхас-Линьжи чиглэлд явдаг өндөр хурдны галт тэрэг­нүү­дийг өндөрлөг газрын нөх­цөл байдлыг харгалзан зо­хион бүтээжээ. Тэдгээр нь хүчил­төрөгчийг тасралтгүй нийлүүлэх төхөөрөмжөөр тоноглогдсон бө­гөөд дотоод шаталтын хөдөл­гүүр, цахилгаан эрчим хүчээр ажилладаг.

“Энэ өндөр хурдны галт тэргээр явахад маш тайван, тав тухтай байдаг. Би Төвөдөд өндөр хурд­ны галт тэргээр зорчиж бай­гаадаа маш их баяртай бай­на” гэж Төвөдийн Шаньнань хотын Жанан суурингийн /шянь/ 51 настай оршин суугч Калзан ярив.

Лхас хотын зорчигч тээв­рийн галт тэрэгний үзлэг, засварын газрын дарга Чэнь Бинь хэлэхдээ “Энэ өндөр хурд­ны галт тэрэг нь байгаль орчинд маш ээлтэй. Учир нь зорчих явцын ихэнх хугацаанд нь ажилладаг цахилгаан зүт­гүүрийн систем нь утаа болон тоос ялгаруулдаггүй” гэв.

Лхас-Линьжи чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноос хой­ших нэг сарын ой өнгөрсөн дол­дугаар сарын 25-нд тохиосон юм. Нэг сарын хугацаанд 106 мянган зорчигч уг төмөр замаар зорчсон бөгөөд энэ нь өдөрт дунджаар 3500 зорчигч уг төмөр замаар зорчсон гэсэн үг.

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ГАЙХАМШИГ

Лхас-Линьжи чиглэлийн төмөр замыг Цинхай-Төвөдийн өндөрлөгийн Гандисышань ба Гималай нуруудын хооронд орших хөндий дундуур тавьсан бөгөөд энэ төмөр замын 90 гаруй хувь нь далайн түвшнээс дээш 3000 мянга гаруй метрийн өндөрт байна гэж “China Railway Eryuan Engineering Group” компанийн төмөр зам хариуцсан мэргэжилтэн Хэ Нянжэ хэллээ.

Энэ газар нь бүтэц болон геологийн нөхцөл байдлын хувьд төмөр зам тавихад амар­гүй байсныг тэрбээр цохон тэмдэглэсэн юм.

Шинэ төмөр зам нь 47 хон­гил, 121 гүүрээр дамжин өнгөрч, Ялузамбуу мөрнийг 16 удаа гаталдаг байна. Төмөр замын нийт уртын 75 орчим хувийг хонгил, гүүр эзэлдэг аж.

Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 130 мянга гаруй ажилчин төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцжээ. Хад чулуу нурах, төмөр замын байгууламжийг бэхжүүлэх зэрэг олон саад бэрхшээлийг тэд даван туулсан байна.

51 настай, ачааны машины жолооч Шан Сяовэй энэ төмөр за­мын цементийг зөөсөн учир тө­мөр замын бүтээн байгуу­лал­тын бүх үйл явцын гэрч болжээ.

Тэрбээр хэлэхдээ “Би энэ түүхэн бүтээн байгуулалтын гэрч болсондоо туйлын их баяр­тай байна” гэв.

Лхас-Линьжи чиглэлийн төмөр замын бүтээн байгуулал­тын явцад байгаль орчныг хам­гаалахад 1.2 тэрбум юанийн (ойролцоогоор 185.76 сая ам.доллар) хөрөнгө оруу­лалт хийсэн бөгөөд энэ нь адил хугацаанд тавьсан өөр ямар ч төмөр замын бүтээн бай­гуу­лалтын явцад байгаль орч­ныг хамгаалахад зарцуулсан хөрөнгө оруулалтаас илүү гэсэн үг гэж “Tibet Railway Construction” компанийн инженер Ван Юйминь хэлсэн юм.

Төмөр замыг тавихдаа дрон болон бусад тоног төхөө­рөм­жөөр байгаль орчныг хянаж, ба­рилгын талбайд бохир ус цэвэр­лэх байгууламжууд барьсан байна.

ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ

“Шинэ төмөр замыг ашиг­лал­тад оруулсан нь жуулчдын хувьд сайн мэдээ төдийгүй төмөр зам ашиглалтад орохыг тэсэн ядан хүлээж байсан Линьжи хотын оршин суугчдын хувьд гайхалтай үйл явдал болсон. Энэхүү бүтээн байгуулалтыг дагаад аялал жуулчлалын сал­бар ч цаашид хурдацтай хөгжинө гэдэгт бид бүхэн итгэл­тэй байна” гэж Линьжи хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх тов­чооны төлөөлөгч Жан Жуньдун хэллээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Манай хот дэд бүтцээ шинэч­лэх, аялал жуулчлалын бүтээг­дэхүүнийг илүү сайн хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын үйл­чилгээ болон нөхцлийг сайж­руулах замаар аялал жуулч­лалын салбарыг чанарын өндөр түвшинд хөгжүүлэхийг зорин ажиллаж байна” гэсэн юм.

Харин Шаньнань хотын Гонггар сууринд төвөд маягийн хормогч үйлдвэрлэдэг хоршоог үүсгэн байгуулагч, 58 настай Гару ярихдаа “Би эхлээд галт тэргээр Линьжи рүү очиж, тэнд­хийн үзэсгэлэнт газруудыг үзэж, тэнд бүтээгдэхүүнээ борлуулж болох эсэхийг судлахыг хүсэж байна” гэлээ.

Нутгийнхаа 25 оршин сууг­чийг ажлын байраар хангадаг Гару­гийн хоршоо нь шинэ тө­мөр замаас ердөө 100 метрийн зайтай байдаг байна. Тус хор­шоо нь төвөд маягийн хор­могч төдийгүй буйдангийн бү­рээс, хувцас болон гутал үйлд­вэрлэдэг аж.

“Хэрвээ Линьжи-д манай бүтээгдэхүүний борлуулалт сайн байвал би бараагаа бусад мужид ч бас борлуулахыг зорьж байна” гэж тэрбээр ярьсан юм.

Энэ шинэ төмөр замын ачаар гэр бүлээрээ ажиллуулдаг зо­чид буудалд нь илүү олон жуул­чин ирдэг болно гэж найдаж буйгаа Линьжи хотын Милинь суурингийн 36 настай оршин суугч Добргял мөн ярилаа.

Тэрбээр эхнэртэйгээ хамт бизнесээ өргөжүүлэхийн тулд 1 сая гаруй юанийн хөрөнгө оруулалтаар шинээр 11 зочны өрөө, дотоодын бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим барихаар шийдээд байгаа ажээ.

Хятадын төвийн бүс нутагт олон жил тахиа үржүүлгийн аж ахуй эрхэлж буй Жан Хунлинь гэх залуу Шаньнань хотод “ухаалаг” тахианы аж ахуй нээ­жээ. Шинэ төмөр замын нээлтийг “томоохон аз завшаан” гэж тэрбээр тодорхойлоод, үүний ачаар логистикийн зар­дал буурна гэж үзэж буйгаа хэлсэн юм.

“Өмнө нь Төвөдөд логис­тикийн зардал өндөр байгаад санаа зовдог байсан. Ха­рин одоо шинэ төмөр зам тавигд­санаар логистик сайжирсан тул бид бизнесээ хөгжүүлэхэд л анхаарлаа хандуулах хэрэгтэй болоод байна” гэж тэрбээр хэлэв.

Лхас-Линьжи чиглэлийн тө­мөр замаар жилд тээвэрлэх ачаа барааны хэмжээг 10 сая тоннд хүргэх боломжтой бөгөөд ингэснээр Төвөдийн зүүн өмнөд хэс­гийн ачаа тээвэрлэлтийг хан­гах найдвартай суурийг тавьж, бүс нутгийн эдийн засгийг хөг­жүүлж,нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *