Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өчигдөр Хүй долоо худагт эхэлсэн.
Барилдаанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглосон бөгөөд өчигдөр хоёрын даваагаар дууссан.
Тэгвэл өнөө өглөө гурвын даваа эхлэх гэтэл бөхчүүд Э.Оюунболдыг аварга цолтой барилдаж байгааг нь эсэргүүцэж, ам авахгүй нэлээд удааширсны эцэст ам авч эхэллээ.
Ингээд Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржийг амлалаа. Э.Оюунболдын хувьд хоёр жилээр хасуулсан барилдах эрх нь өнгөрсөн долдугаар сарын 12-ноос сэргэсэн. Харин аварга цолтойгоо барилдах эсэхийг нь Ерөнхийлөгчийн зарлигаар шийдэх ёстой ч өдийг хүртэл шийдээгүй байгаа билээ.