БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар хоёр орны цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцлоо гэж БНХАУ-ын талаас мэдэгдэв.
Хоёр орны хувьд АНУ-тай үүссэн хурцадмал байдал удаан хугацаанд үргэлжилж буйн хариуд ийнхүү тохиролцож байгаа аж. АНУ, Япон, Энэтхэг, Австралийн өндөр албан тушаалтнууд цахим уулзалт хийснээс нэг хоногийн дараа хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар БНХАУ-д уулзжээ.
XX зууны коммунизмын үзэл суртал болох Марксизм-Ленинизмийг хэрэгжүүлэх санал зөрөлдөөний улмаас БНХАУ, ЗХУ нь хүйтэн дайны үед сөргөлдөгчид байсан юм. Харин АНУ-тай харилцаа нь доройтож эхэлсэнтэй зэрэгцэн хоёр орон хоорондын харилцаагаа гүнзгийрүүлэх болжээ. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсноос хойш Бээжин Хонконг, Шинжаан дахь хүний эрхийн зөрчил, Тайваньд учирч буй аюулгүй байдлын сорилтууд зэрэг хэд хэдэн асуудлаар Вашингтонтой маргаантай байгаа юм. АНУ-ОХУ-ын харилцааны хувьд, 2014 оны Крым болон АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх мэт асуудлын улмаас сүүлийн жилүүдэд ихээхэн муудаад байна. БНХАУ-ын Засгийн газрын мэдээлснээр, В.Фөнхө, С.Шойгу нар Хятадын баруун хойд нутгийн Нинся Хуй өөртөө засах оронд наймдугаар сарын 5-13-ны хооронд болсон хоёр орны хамтарсан цэргийн сургуулилтыг мөн хамтран ажиглажээ.
Kyodo
Г.Амарсанаа