Categories
мэдээ нийгэм

Дулааны станцын үйл ажиллагааг тогтвортой ажиллуулах ажлын хэсэг байгуулна

Энэ оны наймдугаар сарын 14-нд Засгийн газраас манай улсын хамгийн том боомт Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг байнгын ажиллагаатай болгосон билээ.

Мөн Засгийн газрын 123 дугаар тогтоолоор Замын-Үүд сум болон Замын-Үүдийн чөлөөт бүсийн хэрэглэгчдийг дулааны эрчим хүч, ахуйн хэрэглээний халуун усаар хангах, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх үүрэг бүхий “Замын-Үүдийн дулааны станц” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулж, ажиллах дүрмийг батлаад байгаа юм.

Тэгвэл Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханыг Замын-Үүдэд ажиллах үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Замын-Үүд дулаан станц” ТӨҮГ-ын удирдлагуудтай уулзаж эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, дулааны станцыг тогтвортой ажиллуулах талаар цаг үеийн асуудлыг хэлэлцсэн байна.

Үүнд тусгай зөвшөөрөл, дулааны станцын бүтэц, орон тоо, техник хангамж болон богино хугацаанд хийгдэх ажлын төлөвлөгөө, санхүүгийн хүндрэл зэргийг холбогдох шугамаар танилцуулж, шийдвэрлүүлэхээр болжээ.

Дээрх асуудлыг цаг алдалгүй, шуурхай зохион байгуулах үүднээс Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам болон холбогдох агентлагийн мэргэжилтнүүдийн хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон аж.

Замын-Үүдэд 87 МВт хүчин чадалтай дулааны станц, 12 ширхэг ус дулаан дамжуулах төв, 20 орчим км дулааны шугамын барилга угсралтын ажлыг БНХАУ-ын талаас 2018 онд хийж дуусгасан ч ашиглаагүй байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *