Categories
мэдээ утга-зоxиол

Т.Цэрэнлхам: “Баян хүн бүр хулгайч, луйварчин биш. Тэд чамаас илүү хөдөлмөрлөсөн” гэдэг санаа өгөхийг зорьж үлгэрээ бичдэг

Утга зохиолын ажилтан, үлгэрч Т.Цэрэнлхамтай ярилцлаа.


-Одоо үед зохиолч, яруу найрагчид ихэвчлэн роман, өгүүллэг, тууж, яруу найргийн төрлөөр уран бүтээл туурвиж байна. Харин та үлгэр бичдэг?

-Би багаасаа үлгэр бичих сонирхолтой байсан. Харин хэрхэн, яаж бичих билээ гэдгээ сайн мэддэггүй байлаа. Энэ мөрөөдөл маань намайг утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжлийг сонгоход онцгой нөлөөлсөн шүү. Нэг үеэ бодоход хүүхдийн уран зохиол шинэ шатанд гарах төлөвтэй. Шинэ мянганы эхэн үед хүүхдийн уран зохиолын дутагдалд орчихсон байсан юм болов уу гэж боддог юм. Тэр дундаа үлгэр. “Үүлэн бор”, “Монгол ардын үлгэрүүд” гээд хэдхэн үлгэрээр үлгэрийн ертөнцийг төсөөлдөг байлаа. Иймээс л үлгэр бичихээр сэтгэл шулуудсан.

-Үлгэр бол ардын аман зохиол. Амнаас ам дамжигдсаар ирдэг уран зохиолын төрөл зүйл. Үлгэр баяжиж, үлгэрийн сан арвиждаг нэг үндэс нь үлгэрч, үлгэрийн зохиолчид байдаг болов уу?

-Тийм шүү. Бидний өвөө, эмээ лаагаа бариад галаа тойруулж хэдэн хүүхдүүдээ суулгаад л үлгэр домог ярьдаг байлаа. Тэр нь орчин үеийн подкаст юм уу даа. Ам дамжин яригдаж ирсэн үлгэр домог байхаас гадна өөрсдөө сонссон дуулснаа эвлүүлж хачирлаж ярьдаг байсан нь баяжигдаж явсаар үлгэр болдог. Тэгэхээр үлгэр бол хязгааргүй арвин сэдэвтэй дундаршгүй далай. Тэр далайг байнга сэлбэж байх цутгалан бас хэрэгтэй. Тэр ч утгаараа нэг хэсэг нь байхыг хүссэн юм.

-Тэгэхээр таныг үлгэр, өвөө, эмээ тань үлгэрч болох замыг тавьж өгчээ?

-Би хүүхэд байхдаа зуныхаа амралтаар хөдөө явдаг байлаа. Хонь малаа хотлуулчихаад нэг гэртээ цуглаад өөхөн тосон дэнлүүгээ бариад л үлгэр ярьдаг байлаа. Манай том авга ахын гэргий Бундуу буурай бол үлгэрийг гайхалтай ярина. Ярьсан бүхэн нь нүдэнд харагдаж сэтгэлд хоногшино. Тэр өдрөө л төсөөлөлдөө кино үзчихсэн мэт болдог байлаа. Тэр үлгэртэй үдшүүд намайг үлгэр бичихэд маш ихээр нөлөөлсөн.

-Үлгэр сонсох нь хүүхдийн хүмүүжилд ямар ач холбогдолтой вэ?

-Сүүлийн үед би хүүхдийн хүмүүжилд их санаа зовдог юм. Хүүхдээ хүмүүжүүлж чадсан улс хөгждөг байх гэж би боддог. Үлгэр бол хүүхдийн хүмүүжилд маш чухал нөлөө үзүүлдэг. Хүүхэд төвлөрч, сууж, тууштай байж сурна. Эцэг эхийн хэлж ярьж чадахгүй байгаа санааг хүүхэд үлгэрээс олно. Мэдэхгүй байгаа асуултдаа хариулт авна. Оюун ухаан тэлнэ. Маш олон талын чухал ач холбогдолтой.

-Та одоогоор хичнээн үлгэр зохиогоод байна. Үлгэрүүдийн тань нэрийг сонирхож болох уу?

-Би гурван маамаатай. Нэг хэсэг үлгэрээ бичээгүй. Одоогоор надад 20 орчим үлгэр байна. Нэрний хувьд Монгол нэрээ илүү өгөхийг хичээдэг. “Өрөмхөн гүнж”, “Дагина сахиус”, “Ухаарал”, “Ариун үйлст хүүгийн үлгэр”, “Алимны мод”, “Хамгийн гайхамшигтай бэлэг” гээд хэд хэдэн үлгэр бий.

-Таны үлгэрт ажил хөдөлмөр, чин сэтгэл, сайхан сэтгэлийн тухай гардаг юм билээ?

-Тийм ээ. Сүүлийн үеийн хүүхдүүд залуучууд их залхуу болсон юм шиг санагддаг. Гэхдээ хичээнгүй мундаг залуучууд олон бий л дээ. Миний үлгэрт сайхан сэтгэл, ажилсаг зан, хичээнгүй байдал, тууштай чанараа өнгөлж зүлгэж яваарай гэсэн санаа байдаг. Ихэнх үлгэрүүд ажилсаг байхыг сургасан.

-Таны үлгэр Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон “Чингисийн билиг” сургаалт үлгэрийн уралдаанд шалгарч, Төрийн ордонд шагнал гардаж авч байсныг тань санаж байна?

-Би 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Чингисийн билиг” сургаалт үлгэрийн уралдаанд “Ариун үйлст хүүгийн үлгэр”-ээр оролцож шалгараад төрийн ордонд шагнал авч байлаа.

-Социализмын үед үзэл суртлын хар сүүдэр туссан нэг зүйл бол Монгол ардын үлгэр. Бүх үлгэрт шунахай ноён, сувдаг баяны тухай өгүүлдэг. Ядуу, дорой хүү тэднийг ялан дийлж буйгаар төгсдөг. Үлгэрийн энэ нөлөөгөөр одоо монголчууд өөрөөсөө илүү, өөрөөс баян, чинээлэг хүнийг үзэн яддаг, ядуу ардын хүүхэд тэднээс илүү гэж явцуурдаг хандлага билээ л дээ. Та үүн дээр ямар бодолтой явдаг вэ?

-Энэ санаа ямар ч үлгэр, зохиол бүтээлд байж л байдаг. Тэр нь уншигч, үзэгчдэд их таалагддаг. Түүнээс гадна нийгмийн хандлага ерөөсөө баян хүнийг үзэн ядах, сэтгэлгээ хүүхэд байхаас нь суучихсан. Яагаад гэвэл тэр санаа үлгэрээр зогсохгүй зохиол бүтээлд нийтлэг болчихсон. Миний үлгэрт баян ядуу хамаагүй, хэн хөдөлмөрлөнө, тэр үр шимийг нь хүртэнэ гэсэн санаа зонхилно. Баян хүн бүр хулгайч луйварчин биш. Тэд чамаас илүү хөдөлмөрлөсөн байна гэдэг санааг л өгөхийг зорьж үлгэрээ бичдэг дээ.

-Мөн сүүлийн үеийн сурах бичигт орж буй үлгэрүүдэд ээж нь аавыг нь алж буй, хүмүүсийг гэртэй нь шатааж байгаа тухай хээвнэг өгүүлсэн байдаг. Үлгэрт хүртэл ёс зүй байдаг шүү дээ?

-Би саяхан хамгийн харгис монгол ардын үлгэрүүд гээд нийтлэл уншлаа. Аавынхаа толгойг хагалаад алчихдаг, архи уудаг, хүн зоддог гээд бүхий л болохгүй бүтэхгүй зүйл гарч байх юм. Нөгөө хүүхэд хүмүүжүүлэх философи байхгүй.

Харин ч тэгж болно гэсэн маягтай. Нөгөө талаар мэргэжлийн биш хүмүүс мөнгө олох зорилгоор өөрсдийнхөө хар ярианы үг хэллэгээр ном бичээд, өнгө будагтай зургаар халхлаад ном гаргадаг болсон нь урлаг, уран зохиол хийгээд хүүхдийн уран зохиолыг булшлаад байгаа нь эмгэнэлтэй санагддаг. Гэсэн ч чансаатай зохиолууд ч мөн төрөн гарч байгаа нь бахархууштай.

-Таны үлгэрийг нөхөр тань хүүхдэдээ уншиж буй бичлэгийг сошиалаас харлаа. Танайх үлгэрч гэр бүл бололтой?

-Хүүхдүүддээ үлгэр уншиж өгөхийг их хичээдэг. Манай гурван хүүхэд миний үлгэрүүдийн анхны уншигч. “Тэр нь надад гоё санагдлаа, тэр хэсэг нь их аймаар байна” гэх зэргээр шүүмж хэлдэг. Хүүхдүүдийнхээ санааг тусгасны дараа үндсэн үлгэр маань гарч ирдэг. Манай хүүхдүүд миний “Ухаарал” гэдэг үлгэрийн улаан шүтэн бишрэгчид.

-Үлгэр бичихдээ баримталдаг зарчим тань юу вэ?

-Хүүхдүүд миний үлгэрийг уншаад нэг ч гэсэн сайхан санаа өөртөө тусгаж аваасай. Зөв хүмүүжилтэй болоосой. Ажилсаг, хичээнгүй иргэн болоосой гэж хүсдэг. Тиймдээ ч ажил хөдөлмөрийн үр шим ямар үнэтэй вэ гэдэг санааг ерөнхийдөө агуулдаг. Үлгэрээ бичихийн хувьд ямар нэгэн зарчим дүрэмд баригдахгүй бичдэг. Есөн үлгэртэй ном эмхэтгээд бэлэн болгочихсон. Хэвлэлтийн зардлаас шалтгаалаад гаргаж чадахгүй хүлээлтийн байдалд байна.

-Та МУБИС-ийн Монгол судлалын сургуулийг дүүргэжээ. Танай сургуульд ардын аман зохиол, хүүхдийн уран зохиолоор дагнасан нэртэй багш нар хичээл заадаг. Мэдээж танд нөлөөлсөн, үлгэрт хөтөлсөн багш нараа дурдах нь зөв болов уу?

-Би МУБИС-ийн Монгол судлалын сургуулийг Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн. Багш нараараа их бахархдаг. Оюунбадрах багш маань хүүхдийн уран зохиол, эртний уран зохиол заадаг байлаа. Чүлтэмсүрэн багш маань ардын аман зохиол, Хөвсгөл, Сүхбаатар гээд олон сайхан багш нараа дурдахгүй өнгөрч болохгүй. Миний уран бүтээл туурвих, үлгэр бичих эхлэлийг багш нар маань тавьж өгсөн.

-Таны санаанаас гардаггүй ямар үлгэр байдаг вэ?

-“Наран хатан”, “Эрийн сайн Хан харангуй”, “Үүлэн бор”, Г.К.Андерсений “Шүдэнз зардаг охин” гээд үлгэрүүд бий дээ.

-Багадаа Орос ардын үлгэр хэр уншдаг байв. Тэнэг Иван, пийшин, эмгэн шулам, Василиса бол та бидний хувьд танил дүр, ахуй шүү?

-“Үүлэн бор” номыг дахин дахин уншдаг байлаа. Одоо ч хүүхдүүддээ санал болгодог.

-Гэхдээ таныг Монгол ардын үлгэрт илүү дуртай байсан болов уу гэж бодож байна?

-Тийм шүү. Би Монгол ардын үлгэр гэхээсээ илүү баатарлаг тууль их уншдаг байсан. Эмээгийнд маань нэг зузаан ном яваад л байдаг байлаа. Заримдаа эмээ урд хойноос нь аваад л гал асаачихна. Гэсэн ч зузаан хэвээрээ. Нэг өдөр юун ном юм бол гэж сонирхоод л шууд дурлаж эхэлсэн. Хамгийн хайртай ном минь болж билээ. Тэр нь баатарлаг туульсын эмхэтгэл байсан.

-Хүмүүс таныг үлгэр бичдэг гэхээр хэрхэн хүлээж авдаг вэ. Ер нь үлгэр бичдэг хүмүүс ховор байдаг?

-Зарим хүмүүс үлгэр бичдэг гэхээр гайхдаг шүү. “Яагаад заавал үлгэр гэж” гээд л хачирхдаг. Зарим нь “Ямар гоё юм бэ, үлгэр бичдэг хүн байдаг юм уу” гээд л янз янзаар хүлээж авдаг даа.

-Таны “Алимны мод” номыг уншсан. Гэтэл та энэ номныхоо дараа хашаандаа алимны мод тарьсан гэсэн байх аа?

-2018 онд “Алимны мод” нэртэй анхны үлгэрийн номоо хэвлүүлсэн. Тэгээд л гэнэт алимны мод тарих санаа төрсөн дөө. Алимны мод бол үр хүүхдэдээ өвлүүлдэг хөрөнгө болохоор надад болмоор санагдсан. Ингээд л үлгэрээ бодит болгосон доо.


УХААРАЛ

(Үлгэр Т.Цэрэнлхам)

Төрөхийн цагт хайрлан өргө

Торнихын цагт үлгэрлэн асар

Өсөхийн цагт сургамжлан хүмүүжүүл

Өөрийнх нь цагт хөдөлмөрт даатга.

Эрт урьд цагт нэгэн залхуу хүү байж. Хүү ажил хийх, алхах гишгэх дургүй бөгөөд унтаж хэвтэх, ууж идэх дуртай нэгэн. Аав ээж нь түүнд ихэд санаа чилэх тул хэрхэн ажилсаг шударга нэгэн болгох вэ хэмээн өдө,р шөнөгүй бодол болно. Ингээд аргаа барсан эцэг, эх нэгэн өдөр бурхандаа идээ будааны дээжээ өргөж, зул хүжээ асаан хүүгээ сайн хүн болгож өгөхийг гуйн залбирчээ. Маргааш өглөө нь хүү унтаж унтаж үд болохын хэрд босч ирээд хоол нэхэх гэтэл орных нь өмнө ширээн дээр элдэв зүйлийн амттан, идээ будаа, хоол цай өрөөтэй байх юм. Хүү бага зэрэг гайхсан боловч амттанаас гэдсээ хагартал идэж аваад буцаад унтаад өгчээ. Энэ байдлаар хэдэн хоног өнгөрөв. Аав, ээж хоёр нь ч ажил хий, амьдралаа бод гэж ч үглэхээ байж. Тансаглал, залхуурлын дээдийг үзүүлэв. Жил өнгөрлөө. Хүү залхуурч хэвтсээр л байв. Түүний бие нь мантуу шиг хөөн таргалжээ. Тарганаасаа болоод босч ч чадахаа болив. Өдөр өнгөрөх тусам толгой нь өвдөж, сүүлдээ хөл, гар, дотор эрхтэн нь өвддөг болов. Ингээд бүх бие нь өвдөж шархирахын цагт түүнийг авахаар залхуурлын хаан хажууд нь иржээ.

Залхуурлын хаан: Залхуу, тарган гахай минь бос, явах цаг боллоо гэхэд хүү айж сандран – Хаашаа явах гэж байгаа юм бэ? Түүний оронд та намайг энэ их өвчин зовлонгоос салгаж өгөөч, би таны хэлсэн бүгдийг хийе гэж гэнэ. Залхуурлын хаан: Чи өөрөө л өвдөж зовохыг сонгосон. Одоо өнгөрсөн. Залхуурч хэвтэх, зай завсаргүй идэхийг чинь хараад бурхад уйлж, чөтгөр инээж байсан шүү дээ. Энэ өдрийг их удаан хүлээлээ. Одоо аав, ээжийг чинь оруулж ирээд чамайг аваад явна. Түүний өмнө чи аав, ээжийгээ нэг сайн хараад ав. Дараа нь өөрийгөө хар. Тэгээд хамт явна аа гэж гэнэ. Хүү битгий авч яваач гэж балмагдан бархирч байтал аав, ээж хоёр нь орж ирлээ. Ээж нь түүний хажууд ирээд миний хүү одоо яв даа. Хүний орчлонд чи ихэд жаргалаа. Гомдол байхгүй гэж гэнэ. Хүү аав, ээж хоёрыгоо харвал тэд өнгөлөг жавхаалаг залуугийн гоо сайхнаа огтхон ч алдаагүй байжээ. Ингээд өөрийгөө толинд харвал гахайнаас тарган хаван, хавдар нүүртэй, арьс нь сул унжсан аймшгийн муухай хөгшин өвгөн болон хувирсан байв. Хүү уйлан та хоёр ийм залуу сайхан байхад би яагаад ийм муухай өвгөн болчихоо вэ гэвэл залхуурлын хаан -Аргагүй шүү дээ. Аав ээж хоёр чинь чамайг тэжээх гэж өдөр шөнөгүй ажилласан, харин чи зөвхөн идэж ууж, унтаж хэвтсэн, одоо хоёулаа явъя хэмээн хүнд ташуураараа хүүг ороолготол хүү бархиран орилж орь дуу тавин босон харайлаа. Хүү зүүдэлсэн байжээ. Ухасхийн боссон даруйдаа сэрээд харвал амттан шимттэн өрөөтэй тансаг ширээ өмнө нь байв. Хүү гүйж гараад аав, ээжийгээ дуудан оруулж ирээд хамт цайгаа уугаад тариа ногооны ажил, талх боовны үйлдвэртээ цаг наргүй ажиллаж, хэдэн жилийн дараа өөрийн эзэнт улсыг бүтээсэн мундаг залуу болж амар сайхандаа жаргажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *