Categories
мэдээ нийгэм

ХСҮТ-ийн хойд талын 59 гражийг чөлөөлж, эрчимт оношилгооны лаборатори барихаар болжээ


БЗД-ийн 16 дугаар хороо, Хавдар судлалын үндэсний төвийн хойд талын 59 гражийг албадан чөлөөлөх ажил өнөөдрөөс эхэлжээ. Тус газарт ХСҮТ-ийн эрчимт оношилгооны лаборатори барихаар төлөвлөж буй талаар албаныхан мэдээлэл өглөө.

“Нийслэлийн Засаг даргын 2021 оны 250 дугаар захирамжийн хүрээнд БЗД 16 дугаар хороо, Хавдар судлалын үндэсний төвийн хойд талын 59 гражийг албадан чөлөөлж байна. Ингэснээр энэхүү газарт ХСҮТ-ийн эрчимт оношилгооны лаборатори баригдана.

Монгол Улс дэлхийд хавдрын эрсдэл өндөртэй орны тоонд ордог. Хавдрыг эрт үед илрүүлэх мэргэжлийн томоохон лаборатори байхгүйтэй холбоотой. Тиймээс энд манай улсын бүх иргэдэд ач холбогдолтой лаборатори баригдах учиртай. Дөрвөн удаа шаардах хуудас өгөөд өнөөдөр гараашуудыг албадан чөлөөлж байна. Граж эзэмшигч иргэд газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байсан учир ямар нэгэн нөхөн олговор олгох боломжгүй.

Гражийн дотор байгаа эд зүйлийг авахаар ирсэн иргэдэд хүлээлгэн өгч, авч амжаагүйг нь цагдаа байлцуулан протокол хөтөлж, журмын хашаанд хүргэнэ.

ХСҮТ-ийн эрчимт оношилгооны лабораторийн зураг төсөл нь гарсан” гэсэн мэдээллийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас өгөв.

Ойрын жилүүдэд хавдрын өвчлөл ихэссэн.

Харин ХСҮТ-ийн бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан “Өвдөхөөс нь өмнө эрт илрүүлдэг хүчин чадлаа бид нэмэгдүүлэх ёстой. Энэ бол зөвхөн ХСҮТ-ийн асуудал биш. 21 аймаг, 9 дүүрэг болгондоо бид хавдрын эрт илрүүлгийн тогтолцоотой болох ёстой.

Эдгээр төвийг удирддаг нэгдсэн төвтэй байх нь мөн чухал. Тэр төвийн газартай холбоотой асуудлыг өнөөдөр ярьж байна. Ойрын жилүүдэд хавдрын өвчлөл ихэснэ. Үүнийг зөв ойлгоорой. Бид нарт нэг л зам байгаа нь хавдрыг эрт үед нь илрүүлж иргэдийнхээ амь насыг аврах юм.

Монголд тохиолддог үндсэн тав, зургаан төрлийн хавдар нийт тохиолдлынхоо 75 хувийг эзэлдэг. Харамсалтай нь Монгол Улс хорт хавдрын нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *