Categories
мэдээ нийгэм цаг-үе

064 ангийн хашаан дахь барилгын дээврээс алба хаагч унаж, хүнд гэмтжээ

Улаанхуаранд байрлах 064 дүгээр цэргийн ангид ноцтой осол гарч, хоёр алба хаагч бэртжээ.

Тодруулбал, Наймдугаар сарын 06-ны 23:00 цагийн үед 017 дугаар ангийн Цэргийн ангийн хоёр алба хаагч 064 дүгээр ангийн хашаанд байрлах барилгын дээврийг хийх явцдаа унаж, бэртсэн байна.

Нэг алба хаагчийн биеийн байдал маш муу байсан ба тэр даруйдаа Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна.

Энэ талаар түүний эгч “Манай дүү 017 дугаар ангид дэд ахлагч хийдэг. Одоо 22 настай. Шөнө оройн цагаар ямар ч хамгаалалтын хэрэгсэлгүй ажиллаж байгаад барилгын дээврээс уналаа. Ганц каск өмссөн бол одоо тархи нь бяцрахгүй байсан. Одоо маш хүнд бэртэлтэй байгаа. Улсын байгууллага учир ирэх бус тарах цагаа ч сайн баримтлах ёстой биздээ. Хөдөлмөрийн гэрээгээ баримтлах ёстой байгууллага байхад түүнийгээ зөрчлөө. Хоёр ч хүн унасан. Манай дүүгийн гуя дунд чөмөг бяцарсан. Мөн тархины бяцралттай маш муу гэж хэлсэн” гэв.


2021 оны наймдугаар сарын 07-ны өдрийн байдлаар:

Цэргийн ангийн дэд ахлагч М-ийн биеийн байдал муу байгаа бөгөөд амьсгал нь тасалдаж, унтуулах тариа хийлгэж байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар “Манай дүү сэхээний тасагт унтуулах тариа хийлгээд хэвтэж байна. Амьсгал нь тасалдаж байгаа. Бид маш харамсаж байна. Төрийн албан хаагч шөнийн цагаар ажиллах ямар ч үндэслэл байхгүй. Тэр даргын тушаалаар л ажиллаж байсан. Дээвэр дээрээс унаагүй байсан бол тэр дээврээ янзалж дуусгах хүртэлээ ажлаасаа буухгүй байсан. Учир нь барилгын дээврийг тэр шөнөдөө дуусгах байсан. Харин нөгөө унасан алба хаагч нь талбайн инженерийн нөхөр нь юм билээ. Түүний биеийн байдлыг сайн мэдэхгүй байна” гэлээ.

Д.ОТГОНТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *