Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Э.Одбаяр: Бичлэг тавилаа гэж Эрүүгийн цагдаагийн албанаас намайг хууль бусаар баривчилсан


Зон олны нам”-ын дарга Э.Одбаяртай ярилцлаа.


Таныг Эрүүгийн цагдаагийн албаны дарга дарамталсан хэмээн твиттер хуудастаа бичсэн байсан. Машинаар нэгнийгээ дайрч буй бичлэгийг цахим орчинд тавьснаас болсон гэсэн үү?

-Сая тэр машинд дайруулдаг залуугийн бичлэгийг тавьсан чинь Дорнод аймгийн группт анх тавигдсан. Гэтэл баримтыг ил болгож байгаа хүмүүсийг айлган сүрдүүлэх замаар дуугүй болгоод байгаа юм. Ингээд эх сурвалж над руу видеог нь явуулсан. Би тэр бичлэгийг тухайн өдөр юу болсныг овгийн эхний үсэг, нэрний эхний үсгийг нэг ч алдаагүйгээр яг ном журмаар нь тавьсан. Тэгтэл цагдаагаас намайг баривчилсан. Эрүүгийн цагдаагийн албанаас хууль бусаар барвичлаад над дээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж байгаа байхгүй юу. Үүнийг залгуулаад No naadam бол гадаадын санхүүжилттэй байжээ гэх мэдээллийг түгээж байгаа юм. Ийм тохиолдол гэж байх уу. Энэ нөхдүүд дандаа хариу үйлдэл хийгээд байна шүү дээ. Иргэний үүргээ ухамсарлаж, зориг гаргаж зарим залуус маань нийгэмд шүгэл үлээж байна. Гэтэл шүгэл үлээсэн, үнэнийг хэлсэн иргэдээ дуугүй бай гэж дарамталж байгаа юм. Намайг чинь Эрүүгийн цагдаа дээр кибер гэмт хэрэг хариуцсан хэлтсийн дарга нь өрөөндөө оруулаад баахан дарамталсан. Худалч хүнд бол би бараг гэртээ өлмий дээрээ явдаг. Хэзээ хаанаас ямар хүн ирээд хаалга үүд татаад ороод ирэх юм бол, гэрээсээ гарахаар баривчлаад аваад явчих юм болов уу гээд ийм л айдас хүйдэстэй байна, үнэндээ.

-“No naadam” жагсаалыг гадны санхүүжилтээр, захиалгатай зохион байгуулсан гэх мэдээлэл цахим орчинд тавигдсан байна. Улмаар та бүхнийг Тагнуулын байгууллагаас шалгаж байгаа гэсэн, энэ үнэн үү?

-Энэ бол худал гүтгэлэг, зохион байгуулалттайгаар харлуулах гэсэн санаа зорилго бүхий ажиллагаа юм.Өөрөөр хэлбэл, иргэдийнхээ үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх үйл ажиллагааг харлуулах гэсэн оролдлого хэмээн харж байна. Тагнуулын байгууллагаас нэг хүн гэв үү, нэг хэсэг хүнийг шалгаж байна гэсэн мэдээлэл гарсан байсан. Энэ жүжгийг найруулагч нь, үзэл бодлоо сайн дураар илэрхийлсэн гэмгүй иргэдийг гүжирдэж байна. Монголд явагдаж байсан их хэлмэгдүүлэлтийн тактик руугаа шилжээд байна шүү дээ, ийм зүйл байж болохгүй. Ойрын өдрүүдэд цагдаагийн байгууллага, хууль зүйн салбартай холбоотой иргэдийн шүүмжлэл хүчтэй өрнөж байгаа. Чухам үүнтэй холбогдуулан эрх баригчдын зүгээс харлуулах гэсэн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Ерөөс үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх юм бол “Та нар гадны тагнуул болох нь байна шүү” гэдэг мессэжийг нийгэмд өгөөд байна. Нэг ёсондоо иргэддээ айдсын мессэж л өгч байгаа байхгүй юу.Угтаа жинхэнэ ёс суртахуунтай, иргэдээ хүндэтгэдэг засаг бол “Та бүхнийхээ санаа бодлыг хүндэтгээд, ийм шийдвэр гаргалаа” гэж хэлнэ шүү дээ. Гэтэл тухайн үед Ерөнхий сайд нь “Угаасаа наадмыг чинь цуцлах гэж байсан юм, за юу” гээд яриад зогсож байсан. Үүний араас “No naadam”-ыг нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шиг үзэж, яаж харлуулах уу гэдэг ажиллагааг эхлүүлээд байна л даа. Үнэхээр “No naadam” гадны санхүүжилттэй байвал шүүх хуулийн байгууллага шалгаж, нотолсны үндсэнд тогтооно байх.

Өнгөрсөн долдугаар сарын 1-нд энэхүү жагсаал өрнөсөн шүү дээ. Тухайн үед жагсаалд оролцсон хэд хэдэн иргэн баривчлагдаж байсан?

-Үндсэндээ “No naa­dam” жагсаал энэ оны зургадугаар сарын 25-ны өдрөөс эхэлж үргэлжилсэн бөгөөд долдугаар сарын 1-нд илүү олон хүн цуглаж, жагсаалд идэвхтэй оролцсон байдаг. Тухайн үед иргэдийн зүгээс зөвхөн “No naadam” бус “Тэвчээр тасарлаа”, “Эмч нараа хамгаалъя”, “Бизнесээ хамгаалъя” хэмээн байр сууриа илэрхийлсэн.Цар тахлын улмаас олон зуун иргэд харамсалтайгаар амь насаа алдсан энэ цаг үед баярлаж цэнгэж болохгүй шүү дээ. Мөн хавдрын улмаас манай улсад жил гаруй хугацаанд 4000 орчим хүн нас барсан байна. Эдгээр иргэнийхээ араас эмгэнэл илэрхийлж, зургадугаар сарын 25-ыг “Үндэсний гашуудлын өдөр” болгож зарлаач ээ гэдэг зүйлийг шаардсан. Тэгтэл эрх баригчдын зүгээс бидний ихэнхийг баривчилсан байдаг. Тодруулбал, төв талбай дээрээс Д.Монголхүү тэргүүтэй хэд хэдэн хүнийг саатуулсан. Тэр үед би гэрийнхээ үүднээс баривчлагдсан. Иргэдийн сайн дураар нэгдсэн жагсаалыг гадны санхүүжилттэй гэж хэлж байгаа бол, тийм утгагүй зүйл байхгүй. Эхлээд АН-ын санхүүжилттэй Эрдэнийн захиалгатай болгож, сүүлдээ Элбэгээгийн захиалгатай хэмээн цуурч, улмаар Хятадын коммунист намын зуун жилийн ойтой холбож, одоо болохоор гадаадын санхүүжилттэй болоод явчихаж байгаа юм. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ ингэж муухай харлуулж байгаа юм. Нийгмийн уур амьсгалыг мэдрэхгүй ийм ажиллагаа явуулж болохгүй шүү дээ. Би шулуухан л хэлье. Үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар тэргүүтэй хүмүүс зохион байгуулж байгаа хэмээн харж байна.

та яриандааойрын өдрүүдэд цагдаагийн байгууллага, хууль зүйн салбартай холбоотой иргэдийн шүүмжлэл хүчтэй өрнөж байгаа. Үүнтэй холбогдуулан эрх баригчдын зүгээс харлуулах гэсэн үйл ажиллагаа болж байнахэмээн хэллээ. Үүнийг тодруулбал?

-Хуулийн салбарын завхрал ил болоод ирэхээр зөрүүлээд иргэдийгээ буруутан болгож байгаа юм. Ерөөс асуудлыг янз бүрээр мушгиад л амархан гэгч нь харлуулчихдаг болж. Төв талбайд өөрийгөө шатаагаад амиа алддаг хөөрхий залууг Цагдаагийн төв байгууллагаас нь гарч ирээд л “Эрхэлсэн ажилгүй, зүгээр CD зардаг хүн байсан” ч гэх шиг, бараг амин гарзгүй гэж байгаа юм уу. Эмнэлгийн гадаа нас барсан залууг “Архичин нөхөр шартаж явж байгаад эмнэлгийн гадаа амиа алдчихжээ” хэмээн мэдээлж байсан.Намайг гэрээс хууль бусаар шөнө баривчлаад явахад, маргааш нь сошиалаар“Иргэн Э.Одбаяр бол архичин юм байна, агсан согтуу тавиад байхаар нь аваад явчихлаа” гэсэн. Цахим машины тооллогын талаар баримт дэлгэсэн Г.Ган-Очирыг сэтгэцийн өөрчлөлттэй, залилагч, дээрээс нь НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлдсэн гэж зарлачихаж байгаа юм. Ингэж л харлуулах үйл ажиллагаа явуулаад байгаа юм.

Нийгэмд асуудал гарах бүрд эрх баригчид асуудлыг шийдэхийн тулд бус асуудлыг дарахын тулд явдаг гэсэн үг үү?

-Нэг ёсондоо асуудлыг саармагжуулах үйл явц болоод байна. Чухамдаа эрх баригчид аливаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө явах ёстой. Гэтэл асуудал гарахаар буцаагаад “Энэ зүгээр ажилгүй, гудамжны архичин хулгайч шүү дээ” гэж болохгүй биз дээ. Энэ аргыг олон удаагийн давтамжтай хэрэглэсээр байгаад сүүлдээ хүмүүс хууртахаа больжээ. Үндсэн асуудал нь хүн дайруулаад байна шүү дээ. “Хүүхдүүд охиноос болж зодолджээ” гэж байгаа юм. Асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдгийг анхаарахгүй, шууд явган хэрүүл рүү оруулчихдаг. Улмаар тухайн асуудлын ач холбогдол саармагжаад ямар ч утгагүй хэрүүл талцал болчихдог үзэгдэл газар аваад байна.

П.Сайнжаргал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *