Categories
мэдээ нийгэм

Япон улс Монголд 8 сая долларын тусламж үзүүлнэ

Covid-19 цар тахалтай тэмцэх Монгол Улсын үйлсэд хувь нэмрээ оруулах үүднээс Япон Улс 883 сая иен буюу найман сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр хэлэлцээр байгуулжээ. Хэлэлцээрийн дагуу, Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /JICA/ Монгол Улсыг вакцин тээвэрлэх хөргүүртэй тээврийн хэрэгслүүд гэх мэт тоног төхөөрөмжөөр нэн даруй хангахаар болсон байна.

“Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 22-нд Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй уулзах үеэрээ Японоос цар тахлыг даван туулахад зориулан үзүүлж буй тусламжид талархал илэрхийлсэн” гэж Японы Гадаад хэргийн яам мэдээлжээ.

“JICA” болон Монгол Улсын Засгийн газрын хооронд Улаанбаатар хотноо долдугаар сарын 19-нд байгуулсан баримт бичигт тусгасан Монголд үзүүлэх шинэ тусламж нь Японы Засгийн газраас хэрэгжүүлж буй улс орон бүрд вакцинжуулалтын аяныг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн нэг хэсэг аж.

Мөн тус байгууллага нь саяхан Мозамбик, Палестин улсуудад 430 сая, 897 сая иений тусламж үзүүлэхээр болсон юм. Япон нь НҮБ-ын дэмжлэгтэй “COVAX” хөтөлбөр тэргүүтэй санаачилгуудаар дамжуулан дэлхийн улс орнууд, ялангуяа хөгжиж буй улсуудад вакцинуудыг тэгш хуваарилах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтаараа манлайлж буй улсуудын нэг юм.

Гэвч хөгжиж буй орнуудад вакцины хүйтэн хэлхээг бий болгох боломж хомс байгаа учир Япон “COVAX” хөтөлбөрийг нөхөх “Last One Mile Support” төслийг хэрэгжүүлж байна гэж Засгийн газрын төлөөлөгчид мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *