Зуны 32 дахь олимп Япон улсын нийслэл Токиогийн Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон уг наадмыг ийнхүү өнөөдөр буюу 2021 оны долдугаар сарын 23-нд албан ёсоор нээж байна.
Нээлтийн үеэр Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах, Олимпийн эзэн хаан Нарүхито тэргүүтэй эрхмүүд ковидын улмаас амиа алдсан нийт ард түмний төлөө гашуудан, хүндэтгэл үзүүлж хэсэг хором чимээгүй зогсоцгоов. Мөн дэлхий даяар цар тахлыг ялж, даван гарахын төлөө хийж байгаа наадам гэдгээрээ ч энэ удаагийн олимп онцлогтой хэмээн албаныхан тодорхойлоод буй.
Японы алдарт дуучин Мисүяа улсынхаа төрийн дууллыг дуулсан ба тэрээр нийгэм соёлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог уран бүтээлч гэдгээрээ алдартай юм. Энэ удаагийн наадмын нээлтийг VIP эрхтэй 950 үзэгч /800 нь гаднын, 150 нь Японы үзэгч/ цэнгэлдэх хүрээлэнд үзэж байна.
Токио хотоос шууд дамжуулж байгаа CNN-ийн сэтгүүлч Санжай Гупта Олимпийн нээлтийн ёслолын үеэр цэнгэлдэх хүрээлэн доторх уур амьсгалыг “Энд маш нам гүм байна” хэмээн тодорхойлжээ. Мөн тэрээр “Бүх суудал дээр хүн байгаа юм шиг харагдаж байгаа ч энд хүнтэй мэт харагдуулахын тулд зүгээр л янз бүрийн өнгөт суудлын бүрээс хийжээ” гэжээ.