Сирийн ширээний теннисчин Хенд Заза бол Токиогийн олимпод оролцож буй хамгийн залуу тамирчин. Анхны олимпдоо оролцож байгаа тэрээр 12 настай бөгөөд 2020 оны хоёрдугаар сард эрхээ авсан байна.
Олимпийн эрхийн тэмцээндээ Ливаны 42 настай Мариана Сахакианыг ялсан Хенд Заза улсынхаа бүх насны аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ.
Сири дэх бусад хүүхдүүдийн адил Зазагийн амьдрал иргэний дайны айдас дунд өнгөрчээ. Гэртээ дөрвөн ширээ нийлүүлэн бэлтгэл хийж байсан түүнд байнга тасарч байдаг цахилгааны хомстол олимпын эрх авахад нь саад болсонгүй.
Таван хүүхэдтэй айлын бага Зазагийн спортын авьяас цусанд нь бий. Түүний дөрвөн ах хөл бөмбөг тоглодог бол аав нь гимнастикийн багшаар ажилладаг байна.
Заза математикт дуртай, Харри Поттерын шүтэн бишрэгч бөгөөд багаас нь дэмжиж спортод оруулсан гэр бүлийнхээ ач тусыг маш том бэлэг хэмээсэн юм.