Categories
гадаад мэдээ

“​Токио 2020” олимпод оролцогчдоос Covid-19 халдварын 71 тохиолдол илрээд байна


Баасан гаригт албан ёсоор нээгдэх “Токио 2020” зуны олимпийн наадамд оролцогчдоос илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол Мягмар гаригийн байдлаар 71 хүрлээ.

Өнөөдрөөс уг наадмын уралдаан тэмцээнүүд эхэлж байгаа юм. Лхагва гаригт софтболын гурав, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн зургаан тоглолт зохион байгуулагдахаар болжээ.

71 тохиолдлын 31 нь хилийн чанадаас ирсэн тамирчид, төлөөлөгчдөөс бусад нь зохион байгуулагч талын хүмүүсээс илэрсэн байна.

Олимпийн наадамд олон мянган хүн оролцож байгаатай харьцуулбал 71 тохиолдол нь цөөнд тооцогдож байгаа.

Гэхдээ халдварын дэгдэлт олимпийн хотхоноос хальж, нутгийн иргэдийг хамарвал томоохон эрсдэл үүсэхээр байна.

Олимпийн хотхонд нийтдээ 11,000 тамирчид болон албаныхан байрлах юм.

Хэрвээ тамирчдын дунд халдвар тархалт огцом нэмэгдэж, нээлтийн арга хэмжээнд ивээн тэтгэгч компаниуд оролцохоос татгалзсаар байвал наадмыг цуцлах хувилбар нээлттэй байгааг зохион байгуулагчид нь өчигдөр мэдэгджээ.

Ивээн тэтгэгчдээс NTT, Fujitsu, NEC компаниудын албан тушаалтнууд, Toyota компанийн ерөнхийлөгч нар нээлтийн ажиллагаанд оролцохгүй болсноо мэдэгдсэн бол Toyota телевизийн дамжуулалтын үеэр сурталчилгаагаа явуулахгүй болсон байна.

Нөгөө талаар Япон улсын эзэн хаан Нарухито нээлтийн арга хэмжээнд оролцохоор болсныг ордны захиргаа өчигдөр мэдээлжээ. Харин хатан Масако оролцохгүй болсон байна.

Цар тахалтай холбоотойгоор нээлтийн үеэр хэлэх үгэндээ Нарухито хаан “баяр, наадам” гэсэн үгнүүдийг хэрэглэхгүй байж магадгүйг Япон улсын засгийн газрын төлөөлөгч мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *