Categories
гадаад мэдээ

Германд хоёр сарын хугацаанд орох хур тунадас хэдхэн хоногт оржээ

Үерийн гамшигт нэрвэгдсэн Герман, Бельгийн иргэд гудамж талбай, гэр орноо цэвэрлэж эхэлжээ. Үерийн улмаас Германд 188 хүн амиа алдсан нь тогтоогдож, олон хүн сураггүй хэвээр байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй аж.

Германы канцлер Ангела Меркель үерийн гамшигт хамгийн ихээр өртсөн Шульд тосгонд ажиллан, нөхцөл байдлыг “аймшигтай” хэмээн дүгнэжээ. “Энэ бол үнэхээр аймшигтай нөхцөл байдал. Герман хэлэнд энэ гамшгийг илэрхийлэх үг олдохгүй байна” хэмээн сэтгүүлчдэд хэлсэн байна. “Бага зэрэг тайвшруулж байгаа зүйл гэвэл энэ хүмүүс бие биедээ тусалж, эв нэгдэлтэй байна” гэв.

Меркель: Энэ аймшигтай нөхцөл байдлыг германаар илэрхийлэх үг олдохгүй байна

Гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад ус татарч байгаа бол Европын зарим хэсэгт хүчтэй аадар бороо орсоор байна.

Герман улсад сүүлийн 60 жилд ийм хэмжээний үерийн гамшиг тохиолдоогүй аж. Тус улсын Рейнланд-Пфальц, Умард Рейн-Вестфалиа болон Саар зэрэг холбооны бүс нутгууд үерт хамгийн ихээр өртжээ. Германы цаг уурын албанаас мэдээлснээр хоёр сарын хугацаанд орох хур тунадас хэдхэн хоногт орсон байна.

Засгийн газраас яаралтай тусламж болгон 300 сая евро, гудамж, талбай, байшин барилга сэргээн засварлахад олон тэрбум еврогийн санхүүжилт олгохоор болжээ.

Бад-Нойенар-Арвайлер хотын олон аж ахуй нэгж, байгууллагууд үгүй болж, цахилгаан, холбооны шугамууд тасарсан байна.

Зөвхөн Германд төдийгүй Европын бусад орнууд үерийн гамшигт өртжээ. Тухайлбал, Бельгид 27 хүн амиа алдаж, Австрийн Зальцбургт нэг хот сүйтгэгдсэн тул оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Нидерландын Лимбург мужийн иргэд орон гэрээ орхин явсан бол Швейцарт гол нуурын ус эргээсээ хальжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *