Categories
мэдээ спорт

“Эмэгтэйчүүдийн дэлхийн цом- 2021”-д ОУИМ Б.Мөнгөнтуул шилдэг 32-т үлдлээ

ОХУ-ын Сочи хотноо “Дэлхийн цом-2021” болон “Эмэгтэйчүүдийн дэлхийн цом- 2021” өндөр зэрэглэлийн тэмцээнийг 2021 оны долдугаар сарын 12-ны өдрөөс наймдугаар сарын 6-нд Дэлхийн шатрын холбоо /ДШХ/-ноос зохион байгуулж байна.

Монгол Улсаа төлөөлөн “Дэлхийн цом-2021”-д Их мастер Д.Батсүрэн, ОУМ С.Ган-Эрдэнэ, “Эмэгтэйчүүдийн дэлхийн цом 2021”-д Их мастер Б.Мөнгөнтуул, ОУМ Т.Мөнхзул нарын шилдэг шатарчид өрсөлдөж байна.

Тус тэмцээний хоёрын даваанд Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул Украин улсын тамирчин, Их мастер Осьмак Юлияг 2:0 оноогоор илт илүүрхэн буулгаж авлаа. Ингэснээр тэмцээний шилдэг 32-т багтаж, дараагийн гурвын даваанд дэлхийн од, ОХУ-ын тамирчин, Их мастер Лагно Екатеринатай хүч үзэхээр болсон байна.

Хоёр жил тутамд зохион байгуулдаг тус тэмцээнд дэлхийн 100 гаруй орны шилдэг шатарчид оролцдог бөгөөд “Дэлхийн цом -2021”-д 206, “Эмэгтэйчүүдийн дэлхийн цом-2021”-д 103 шилдэг шатарчин оюун ухаанаа уралдуулж байгаа юм. Хасагдах системээр 8 даваа буюу бүрэн матч, даваа бүрт цагаан, хар талаас тус бүр үндсэн стандарт 1 өрөг тоглож, оноо тэнцсэн тохиолдолд рапид, блиц төрлүүдээр мөн адил цагаан, хар талаас тус бүр 1 өрөг тоглон хайнаагаа хагалж тоглосноор аваргуудаа шалгаруулна.

Энэ жилийн дэлхийн цом тэмцээн нь өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцогчдын тоог нэмэгдүүлэн хамрах хүрээгээ тэлж, шагналыг санг 50 хувиар өсгөж, Дэлхийн цом тэмцээний дэргэд анхдугаар “Эмэгтэйчүүдийн дэлхийн цом 2021” АШТ-ийг зохион байгуулж, хувцаслалтын өндөр дэг журам мөрдөж буй гэдгээрээ өмнөх цомын АШТ-үүдээс онцлогтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *