Германы сонгодог философийг үндэслэгч нь яалт ч үгүй Иммануэл Кант билээ. Тэрээр 1724 онд Пруссийн Кёнигсберг хотод төрж, тэндээ насан эцэслэх хүртлээ буюу 1804 он хүртэл амьдарчээ. Тэрээр соён гэгээрэл, романтизмын завсрын үед, Европ тив феодалын ёсноос салж байсан түүхэн чухал цаг үед амьдарч байсан нь философийн үзэл санаанд нь дориун нөлөө үзүүлсэн биз ээ. Эцгийгээ нас барсны дараа сургуулиа орхин гэрийн багш хийж байхдаа “Түгээмэл ёсны түүх-тэнгэрийн онол” хэмээх номыг бичжээ. Тэрээр уг бүтээлээ туурвихдаа гуч дөнгөж гарсан залуу байлаа. Уг нь түүний сурч байсан Кёнигсбургийн их сургууль нь тун нэр хүнд сайтай, нөлөө бүхий сургууль. Гэсэн ч аргагүй байдлын улмаас сургуулиа орхижээ. “Түгээмэл ёсны түүх-тэнгэрийн онол” ном нь анхдагч хэт аварга мананцраас үүссэн нарны системийн үүслийн тухай таамаглал дэвшүүлсэн нь тухайн үедээ нэн дэвшилтэт үзэл байсан юм. Кант мөн амьтны ертөнцийн гарал үүслийн талаар ангилал буюу зүйл бүрийн амьтдыг гарал үүслийн боломжит байдлаар нь ангилж үзэх гэж оролдсон нь агуу Дарвины хувьслын онолд ихээхэн дөхөж очсон хэрэг юм. Хэдийгээр төрөлх хотоосоо насан туршдаа холдож үзээгүй ч түүний ертөнцийг үзэх үзэл үнэхээр супер байсан гэдэгтэй маргах аргагүй. Ёстой л “цаанаасаа цоорхой” гэдэг шиг оюун ухаан нь айхтар задгай сэтгэхэд зориулагдсан гэлтэй. И.Кант бичиж туурвихын зэрэгцээгээр төрөлх Кёнигсбургийн их сургуульдаа л багшилсан бөгөөд бүх л амьдралынхаа туршид өөр ямар нэгэн ажил хийгээгүй билээ. Тэр зуун хувь философийн ертөнцөд ажиллах өөрийн зорилгыг дараах байдлаар тодорхойлсон байдаг. Нэн тэргүүнд “Би юу мэдэж чадах вэ”, “Би юу хийх ёстой вэ”, “Би юунд итгэх вэ”, “Хүн гэж юу вэ” гэсэн асуудлууд байлаа. И.Кант бүхий л ухамсартай амьдралаа зөвхөн эдгээр асуултад хариулах гэж амьдарчээ гэхэд болно. Болно ч юу байхав, ерөөсөө энэ асуултад хариулах гэж л амьдарсан ажгуу. Мэдээж тэр амьдралаа хий дэмий өнгөрөөсөнгүй. Тавьсан асуултдаа хариулж чадсан. 1781 онд бичсэн “Цэвэр оюун ухааны шүүмжлэл”, 1788 онд бичсэн “Практик оюун ухааны шүүмжлэл”, 1790 онд туурвисан “Эргэцүүлэх чадварын шүүмжлэл” гэсэн суут бүтээлүүдээ хойч үедээ үлдээсэн юм. Бүхэл бүтэн амьдралынхаа туршид бодож бясалгасан зүйлсээ, дотоод ахуйгаа есөн жилийн хугацаанд гарган бичсэн, ийн бичсэн нь түүнийг хүн төрөлхтний агуу суут сэтгэгч, даян дэлхийн философийн сэтгэлгээний дээд оргил болгож чадсан билээ. Гүн гүнзгий бодож тунгаах талаасаа Марианы хотгор мэт гүн, агуу цар хүрээтэй сэтгэлгээ талаасаа гэвэл Гималайн оргил хэмээн тодорхойлж болох ажээ.
Тэрбээр герман хүмүүс ч гайхан шагшихаар хатуу дэглэмээр өөрийгөө шахан ажилладаг байв. Тэр бүү хэл Кантыг гудамжаар явахад хотын хүмүүс цагаа тааруулдаг ёс хүртэл тогтсон гэдэг. Нэг ёсондоо тэрээр хэт аскетик буюу амьдралын тав тухыг үл тоогч, эгэл амьдралыг шүтэгч, өөрийгөө хэт хатамжлагч ч байсан гэхэд болохоор. Түүхэн сурвалжуудад түүнийг бие бялдрын талаасаа чийрэг нэгэн биш авч чанд хатуу дэглэмийнхээ ачаар элдэв өвчин зовлонгоос ангид байж чадсан хэмээн өгүүлсэн нь бий. Кант “Sapere aude! буюу өөрийн оюун ухааныг ашиглах эр зоригтой бай” гэдэг соён гэгээрлийн гайхамшигт уриатай байлаа. Хүн бүр ийм уриагаар ажилладаг бол гэж ч бодохоор. И.Кант ёс зүйн сургаалдаа хүн гэгчийг “Хүн бол үзэгдэл юм. Хүн бол өөртөө байгаа юм” гэж авч үздэг. Яг эндээс хөөж үзвээс “Шашин бол өөрийн агуулгаар ёс суртахуунаас юугаараа ч ялгагдахгүй“ гэж дүгнэсэн байдаг. Эндээс үргэлжлүүлэн “Хичнээн ч бай хамаагүй, юуны тухай ч бай хамаагүй эргэцүүл, харин захирагд” гэх сонирхолтой гаргалгааг хийсэн байдаг.
И.Кант улс төрийн байр суурь талаасаа соён гэгээрэхүйн дээд уламжлалын либерал үзэлтэн байсан бол шашны үзэл талаасаа протестант байр суурьтай байсан гэж ном сударт үлджээ. Тэрээр Францын хувьсгалыг дэмжин, Бүгд найрамдах үзлийг дэмжиж байж. Философийн суут бүтээлүүдээрээ алдар хүндийн оргилд хүрсэн бол хэзээ ч эд баялагт шунан дурлаагүй. Түүний бүтээлүүд ер нь маш их өргөн хүрээг хамардаг бөгөөд тэр болгоноороо тогтсон хугацаанд лекц уншдаг, хүмүүсийн хувьд шүүмжлэлт философи нь ихээхэн сонирхлыг нь татдаг байж.
Кантын философи нь нэг талаасаа эмпирицизмийн эрс байр суурь, нөгөө талаас Декартын рационализмын төрөлхийн зарчим хоёрын дунд тэнцвэр барьдаг гэж онолын хувьд үздэг юм байна. Ерөөсөө Кантын онол нэн хүнд, асуудлыг олон байдлаар гаргаж ирдэг бөгөөд туршлагыг мэдлэг болгон хэлбэржүүлэхийн тулд оюун санааны гаргаж ирсэн оюун ухааны ерөнхий ойлголтуудыг Аристотелийн нэр томьёог ашиглан категори хэмээн нэрлэжээ.
XIX зууны эхний хагаст Германы философид хоёр чиглэл онцгойрон ялгарч байсны нэг И.Кантын философи гэж үздэг. Тэрээр нэг талаараа XVIII зууны сочн гэгээрлийн философийг оргилд нь хүргэсэн. Нөгөө талаараа XIX зууны Германы сонгодог идеализмыг үндэслэсэн сэтгэгч хэмээгдэн эх сурвалжуудад өгүүлсэн байх юм. Харин нөгөө чиглэл нь тууштай идеалист философи юм. Ер нь Кантын философи дэвшүүлсэн асуудал, нэр томьёо аль аль нь ихээхэн хүнд ярвигтай, мэргэжлийн хүнд л ойлгогддог гэж мэргэжлийнхэн бичсэн нь байдаг. Тэрээр нийгмийн ухааны салбарт ч өөрийн хувь нэмрээ асар ихээр оруулсан юм. И.Кантын философи тухайн цаг үеийнхээ философи сэтгэлгээний хөгжилд хүчтэй нөлөөг үзүүлсэн төдийгүй өнөөдрийн хүн төрөлхтний оюуны санааны амьдралд чухал нөлөө үзүүлсээр байгаа билээ.
l Гэгээрэл бол юм мэддэггүй, аливааг ухаж ойлгох тэнхэлгүй, бусдын үгэнд автамхай, оюун санааны сул дорой байдлаас гарах боломж юм. Өөрийгөө жолоодох чадваргүй, бусдын мэдэлд орох явдал хүмүүний өөрийнх нь буруугаас эх үүдэлтэй, гэгээрч боловсроогүйн илрэл болой. Хүнд оюун ухаан дутсанаас бус, харин байх ёстой шийдмэг чанар, бэрхшээлийг даван туулах зориг тэвчээр дутсанаас тийнхүү өөрийн мэдэлгүй бусдаар удирдуулж, бусдад хөтлөгдөж явахад хүрдэг. Зориг зүрх гаргаж өөрт заяагдсан оюун ухаандаа эзэн болооч.
l Шинжлэх ухаан бол зохион байгуулалттай мэдлэг, мэргэн ухаан бол зохион байгуулалттай амьдрал юм.
l Агуулгагүй бодол хоосон, үзэл баримтлалгүй зөн совин сохор болгоно.
l Бүх сайн номнуудыг унших нь олон зууны шилдэг оюун ухаантай ярилцахтай адил юм.
l Амьтанд муу ханддаг хүн хүмүүстэй харьцахдаа мөн л бүдүүлэг ханддаг. Бид хүний зүрх сэтгэлийг амьтанд хэрхэн хандаж байгаагаар нь дүгнэх боломжтой.
l Төлөвшөөгүй байдал гэдэг нь оюун ухаанаа бусдын удирдлагагүйгээр ашиглах чадваргүй байдал юм.
l Гэгээрэл гэдэг нь хүнийг төлөвшсөн төлөвшлөөс ангижруулах явдал юм.
l Бодож зүрхэл!
l Хүн түүний ёс суртахууны дэвшлийн чадавх байхгүй бол бүх бодит байдал зүгээр л элсэн цөл, хий хоосон зүйл байх бөгөөд эцсийн зорилго үгүй болно.
l Инээд бол гэнэтийн өндөр хүлээлт юу ч биш болж хувирсны үр нөлөө юм.
l Эмэгтэй хүн эрэгтэй хүний өөрийгөө хянахыг хүсдэг.
l Гэгээрэл гэдэг нь хүний цөөнхөөс өөрөө гарах явдал юм.
l Эмэгтэйчүүд үнэ цэнэтэй, бусдаас ялгарах, чимэглэсэн бүх зүйлсийн талаар ямагт хүчтэй мэдрэмжтэй байдаг.
l Худал хуурмагийн улмаас эр хүн өөрийн нэр төрийг үгүй хийх боломжтой байдаг.
l Чадварлаг болох алхмыг хүн төрөлхтний ихэнх хэсэг нь туйлын аюултай гэж үздэг.
l Бидний бүх мэдлэг мэдрэхүйгээс эхэлж, тэгээд ойлголттой болж, оюун ухаанаар төгсдөг. Үндэслэлээс илүү өндөр зүйл гэж үгүй.
l Бидний бүх мэдлэг туршлагаас эхэлдэг гэдэгт огтхон эргэлзэхгүй байна.
l Аз жаргалын дүрмүүд: хийх зүйл, хайрлах, найдах зүйл.
l Хүн угаасаа түүхий, зэрлэг амьтан тул сахилга баттай байх ёстой.
l Байх нь хийх гэсэн үг юм.
l Таны үйлдэл бүр бүх нийтийн хууль болох гэж байгаа юм шиг амьдралаа өнгөрөө.
l Итгэл үнэмшилд зай гаргахын тулд би мэдлэгээсээ арилгах хэрэгтэй байв.