Categories
гадаад мэдээ

Мьянмарт цэргийн дэглэмийн эсрэг тэмцэл газар авсаар байна

Мьянмарт цэргийн эргэлт болж, сонгуульд ялалт байгуулсан Ардчиллын төлөөх үндэсний лигийн тэргүүн Аун Сан Сү Жиг баривчилснаас хойш ард иргэдийн тэмцэл газар авсаар буй тухай “Ройтерс” агентлаг мэдээлж байна.

Тус улсад өдгөө тариачдын жижиг тосгодоос эхлээд Мандалай, Янгон хотуудад цэргийн дэглэмийг эсэргүүцсэн 20 гаруй бүлэглэл үүсч, зэвсэгт тэмцэл өрнүүлэх болжээ. Мьянмарт 230 мянга гаруй хүн гэр орноосоо оргон зугтахад хүрсний дээр, олон мужид хүнсний хангамж эрс муудаж, коронавирусийн халдвар авагсдын тоо хурдацтай нэмэгдэж байгаа аж.
Цэргийн дэглэмийнхэн томоохон хотуудад гудамжны эсэргүүцлийг дарсан боловч тус улсыг хяналтдаа бүрэн авч чадаагүй байна.
Аун Сан Сү Жигийн Ардчиллын төлөөх үндэсний лигийг хамгийн ихээр дэмждэг, голдуу Буддын шашинтан оршин суудаг Бамар мужийн төвд оршдог Депайин хот эсэргүүцлийн хөдөлгөөний гол цөмийн нэг болжээ.
Тус хотын залуучууд эвлэлдэн нэгдэж Ардын хамгаалах хүчинг үүсгэн байгуулсан ба цэргийн дэглэмийн эсрэг зэвсэг барин босч, өнгөрсөн долоо хоногт тулалдсан ч 41 гишүүнийхээ амийг алдан ихээхэн хохирол амсчээ.
Үүнээс гадна Мьянмарын хоёр дахь томоохон хот Мандалайд зэвсэглэсэн босогчдын эсрэг хуягт техник хэрэглэхэд хүрсэн байна. Мьянмарын хуучин нийслэл Янгонд цэргийн дэглэмийг эсэргүүцэгчид сүүлийн өдрүүдэд дор хаяж 12 дэлбэрэлт зохион байгуулжээ.
Зэвсэглэл муутай, нэгдсэн удирдлагагүй, зохион байгуулалт тааруухан хэдий ч Мьянмарын цэргийн дэглэмийг эсэргүүцэгчдийн тэмцэл улам бүр газар авах болжээ.
Дашрамд хэлэхэд, НҮБ Мьянмарт төрийн эргэлт хийж эрх мэдлийг гартаа авсан цэргийн дэглэмийг эрс буруушаасан тогтоол баталсан билээ. Тогтоолыг дэлхийн 119 улс дэмжиж, дан ганц Беларусь эсэргүүцсэн юм. Хамгийн хачирхалтай нь, түдгэлзсэн санал өгсөн 36 орны дотор Хятад, Сири, Венесуэл, Орос, Бахрейн зэргээс гадна манай Монгол Улс багтжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *