Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Эрүүл мэндийн байгууллагуудад тоног төхөөрөмж олгов

Нийслэлийн ИТХ дахь Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс өнөөдөр дүүргүүдийн зарим эрүүл мэндийн байгууллагад хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч буюу амьсгалын аппарат, цэр соруулах аппарат зэрэг нийт 16 ширхэг тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Эдгээр тоног төхөөрөмжийг НИТХ дахь найман эмэгтэй төлөөлөгч хувийн зүгээс олгосон байна.

Эрүүл мэндийн байгууллагуудад тоног төхөөрөмж олгох үеэрээ тус зөвлөлийн дарга Б.Мягмар “Коронавируст цар тахал ахмад настан, өрх толгойлсон иргэд, жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд гэх мэт нас харгалзахгүй хүндээр тусаж байна. Эрүүл мэндийн байгууллагуудын эмч ажилчид маань мөн адил асар их ачаалалтай, хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Мөн тоног төхөөрөмжийн дутагдал их байна. Тиймээс Нийслэлийн ИТХ дахь эмэгтэй төлөөлөгчид бид дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллага, Засаг дарга нартай зөвшилцөөд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж болох хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат болон цэр соруулах аппаратыг хувиасаа зардал гарган олгож байгаа юм” гэлээ.

Өнөөдөр олгосон энэхүү тоног төхөөрөмж болох амьсгалын аппарат нь хоёр хүнд зэрэг залган амьсгал дэмжих зориулалттай. Харин цэр соруулах аппаратын хувьд амьсгалын дутмагшилд орсон хүмүүсийн амьсгалын замыг богино хугацаанд чөлөөлөх амин чухал тоног төхөөрөмж юм. Энэ үеэр эмэгтэй төлөөлөгчид аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийг эрүүл мэндийн байгууллагаа дэмжин ажиллаж, цар тахлыг хамтын хүчээр даван туулахыг уриалсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *