Categories
гадаад мэдээ

Их Британийн тэрбумтан Ричард Брэнсон энэ сарын 11-нд сансарт ниснэ

-ТОВЧХОН-


Их Британийн тэрбумтан Ричард Брэнсон долдугаар сарын 11-нд сансарт нисэх болсноо албан ёсоор зарлажээ. Үүнтэй адил мэдэгдлийг “Амазон” компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян эрхэм Ж.Безос хийсэн удаатай. Тэрбээр энэ сарын 20-ны өдөр бүтээсэн хөлгөөрөө нисэх гэнэ. Р.Брэнсон “Сансрын уудам бүх хүнд хамаатай гэдэгт би итгэдэг. 17 жилийн судалгаа, инновац, инженерийн ажлын үр дүнд сансрын аяллын шинэ салбар хүн төрөлхтөнд хорвоо ертөнцийг нээж өгөх гэж байна” хэмээн онцолжээ.

l l l

БНХАУ-ын дарга Си Жиньпин дэлхийн удирдагчдын дундах цахим уулзалтад оролцож, нээлтийн үг хэлэхээр болжээ. Энэхүү уулзалтыг Хятадын Коммунист нам (ХКН)-ын 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа юм. Дээд хэмжээний уулзалтад 160 гаруй орны эрх баригч нам, эвслийн 500 орчим удирдагчид оролцохоор болсон талаар ХКН-ын Төв хорооны Олон улсын хэлтсийн хэвлэлийн төлөөлөгч Ху Жаоминь мэдэгджээ. Тэрбээр “БНХАУ нь дэлхийн бусад орны удирдагчидтай туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой” гэв.

l l l

Филиппины нисэх хүчний С-130 онгоц өнгөрсөн ням гаригт Сулу мужийн Холо аралд газардах гэж байгаад осолджээ. Үүний улмаас 50 орчим хүн амиа алдаж, мөн тооны хүн бэртсэн талаар тус улсын Зэвсэгт хүчний албан ёсны төлөөлөгч Э.Аревало мэдэгдэв. Аврах багийнхан ослын газарт хүрэлцэн очиж, хэдэн арван хүнийг аварчээ. Осол гарах үед онгоцонд 96 хүн зорчиж байсны дийлэнх нь цэргийн анхан шатны сургуулилтад хамрагдсан цэргийн албан хаагчид аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *