Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Уг тогтоолын төсөлд 2022 онд “Гадаадын зээл, тусламж болох 233 тэрбум гаруй төгрөгөөр Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлж, төслийн гүйцэтгэлийг 15 хувьд хүрсэн байна” хэмээн тусгажээ. Үүнтэй холбогдуудан УИХ-ын гишүүн С.Бямбацогт үг хэллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хөгжлийн төлөвлөгөөг дэмжиж байна. Гэхдээ төлөвлөгөө биелүүлэхийн төлөө ажилладаг, үүнд нь Засгийн газар анхаардаг байх ёстой.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг эхлүүлэх гэж төр засаг сүүлийн 50 жил хөөцөлдсөн. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр удаа газар дээр нь очиж ажлыг нь эхлүүлсэн. Тун удахгүй Ерөнхий сайд усан цахилгаан станцын шавыг тавина гэж байсан. Гэтэл төрийн албаны хүнд сурталтай, шан харамж, авлига хардаг хэдхэн хурган түшмэдүүд энэ төслийг гацаалаа. Энэ төсөл хэрэгжих юм бол эрчим хүчний үнэ тав дахин буурах боломжтой. 800 тэрбум төгрөгийн таван жил хийгдэх төсөл.
Гуравдугаар 22-нд тендер нь зарлагдаад дөрөвдүгээр сарын 22-нд шалгаруулах ёстой байсан. Тавдугаар сарын 22-н хүртэл нэг удаа сунгасан. Хоёр дахиа зургадугаар сарын 22-н хүртэл сунгасан. Энэ хооронд төслийн удирдагч болох өмнө нь Тайширын усан цахилгаан станцын барьсан туршлагатай хүнийг ажлаас нь халсан. Эцэст нь энэ тендерыг цуцалж, хүчингүй болгосон. Одоо хятадын тал зээлээ татлаа гэвэл яах вэ.
Хэрэв энэ төсөл явахгүй бол Н.Тавинбэх сайд та толгойгоороо хариуцаж, ажлаа өгөөрэй. Би тэр хурган түшмэдийг бүгдийг л шалгуулна.
Энэ төслийг урагшуулахын төлөө төр засаг нь зүтгэж байхад хэдхэн хурган дарга хүнд суртал, шан харамж горьдоод зогсоож байна. Ажлаа хийж чадахгүй бол зайгаа тавьж өгөөрэй” гэв.
Ийнхүү Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив.