“Хүннү Эйр” ХХК-ийн өчигдрийн нислэгийн үеэр зорчигчийн биеийн байдал муудсаны улмаас Хөвсгөл аймагт яаралтай газардсан байна.
Тодруулбал, зургадугаар сарын 30-ны өдрийн Алматы-Улаанбаатар чиглэлийн нислэгийн зорчигч 23 настай Г –ийн биеийн байдал нислэгийн явцад таталт өгч муудсан бөгөөд агаарын хөлгийн дарга тухайн цэгээс хамгийн ойрхон нөөц нисэх буудалд газардаж эмнэлгийн яаралтай түргэн тусламж авах шийдвэр гаргасны дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудалд газардаж, зорчигчид яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж амийг нь аварчээ.
“Зорчигчийн маань алтан амийг аврахад тусалж хамтран ажилласан Хөвсгөл аймгийн Нисэх буудал, Аймгийн Онцгой комисс, Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Буянт-Ухаа Нисэх буудлын шуурхай алба зэрэг бүх албан байгууллага, тэдний ажиллагсдад зорчигч болон түүний гэр бүлийн өмнөөс, хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлж цаашдын ариун их үйлсэд нь амжилтыг хүсэн ерөөе” хэмээн Хүннү Эйр компаниас мэдээлсэн байна.