УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийг танилцууллаа.
Тэрбээр “2021 оны эцэс гэхэд эдийн засгийн бодит өсөлт 6.5 хувьд хүрнэ гэж төсөөлж байна. Олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийг 2021 онд 5-6 орчим хувиар өсөхөөр төсөөлөл гаргаад байгаа. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт болон нүүрсний экспортын тоо хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх, НДШ-ийг хоёр хувь бууруулсан зэргээс шалтгаалж, оны эцсээр тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө 756 тэрбум төгрөгөөр тасрахаар харагдаж байна.
Төсвийн тодотголыг эрүүл мэндийн нэн шаардлагатай арга хэмжээг санхүүжүүлэх, айл өрхүүдийг ядууралд өртөхөөс сэргийлэх дараах арга хэмжээг авахад чиглүүлж байна.
- Эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтэд зориулж төсвөөс 735.1 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна.
- Хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэлбэрээр, түүнчлэн айл өрх, ААН-ийн төлөх хэрэглээний төлбөрийг чөлөөлөлтийг он дуустал тус тус үргэлжлүүлнэ.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг он дуустал 100,000 төгрөгөөр үргэлжлүүлэн олгоход 576 тэрбум төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхдэд олгодог халамжийн тэтгэвэр байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгодог амьжиргааг дэмжих тэтгэмжийг мөн он дуустал 288 мянган төгрөгөөр тооцож олгоход 42.9 тэрбум төгрөг зарцуулна” гэлээ.