Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Амартүвшин: Бидний бизнес, санхүү, хүсэл мөрөөдөл бүгд гацсан тул бид гашуудал зарлаж байна

Бизнес эрхлэгчид “Тэвчээр тасарлаа” уриатай хөдөлгөөнийг эхлүүлжээ. Үүний дагуу Сүхбаатарын талбайд хүн хоорондын зай барьж, хоёр минут дороо гацаж флашмоб хийх юм.

Энэ талаар Д.Амартүвшин “Флашмоб бол урлагийн төрөл. Энэ бол жагсаал, цуглаан биш. Бид Сүхбаатарын талбай дээр хуульчтай очно. Ямар нэг хуулийн шаардлага хүлээлгэх гэвэл манай хуульч уулзана. Хэчнээн хүний амьдрал хэцүү байгааг үүгээр илэрхийлэхийг хүслээ. Хүмүүс ирэхдээ цар тахал, хөл хорионы улмаас хэдий хэмжээний хохирол амссан, хэдэн ажилтнаа цомхтгосон зэрэг өөрт тохиолдсон асуудлаа цаасан дээр бичээд ирээрэй” хэмээсэн юм.

Цар тахлын үед бизнес эрхлэгчид туйлдаа хүрч байгааг илэрхийлэн “Тэвчээр тасарлаа” гэх хөдөлгөөнийг эхлүүлсэн гэдгийг хэлсэн юм. Иргэд өөрсдийн байрлалд хоёр минутын турш хөдөлгөөнгүй зогсох бөгөөд хоёр жилийн хугацаанд тулгарсан бэрхшээлүүдээ цаасан дээр бичин барьж байгаа юм.

Иргэдийн хувьд бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлуудыг нэгтгэн, дөрвөн заалт бүхий шаардлагыг Улсын онцгой комисст хүргүүлэхээр болоод байгаа талаараа хэлсэн юм. Цар тахлын үед бизнес эрхлэгчид туйлдаа хүрч, зарим нь гэрийнхээ тавилгыг зарж, хоол хүнсээ авч байна гэдгийг өнөөдрийн флашмобд оролцогчид хэлж байв.

Хоёр минутын турш хөдөлгөөнгүй зогсож, эсэргүүцэл илэрхийлсэн бизнес эрхлэгчид нэгдсэн мэдээлэл өгч байна.

Д.Амартүвшин “Бидний бизнес, санхүү, хүсэл мөрөөдөл бүгд гацсан тул бид гашуудал зарлаж байна. Бид үүнээс илүү тэвчихгүй нь. Дарга нар наадам хийдэг, дарга нар жагсаж болдог харин иргэд хоригддог юм байна. Биднийг нэг жил зургаан сар хааж, хорьсон. Бид ажлаа эхэлмээр байна” гэлээ.

Өнөөдрийн хөдөлгөөнд оролцсон бизнес эрхлэгч “Бизнес эрхлэгчид байр, машин, өөрт байгаа зүйлсээ зараад жил зургаан сарыг даван тууллаа. Өнөөдрөөс цааш бид тэвчихгүй нь ээ. Одоо зарах зүйл үлдсэнгүй. Бид төрөөс халамж, мөнгө хүсээгүй. Бид ажлаа эхлүүлмээр байна” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *